Э.Бат-Амгалан: Хөнгөн галт тэрэг түгжрэлийг 25 хувиар бууруулна гэсэн судалгаа бий
4 сарын 25, 2022

Хөнгөн галт тэрэг буюу LRT төслийг МАН-ын бүлэг ажлын хэсэг байгуулж, хянахаар болсон талаар мэдээлэв. Уг төслийн талаар Э.Бат-Амгалан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарт Сангийн яамныхан буруу мэдээлэл өгсөн юм байна. Энэ төслийг зээл авч, иргэдийн хүсэн хүлээсэн зүйлийг хийх гэж байна. Төсөв танаад хийх гэж байгаа юм биш. Монголд энэ төслийг хэрэгжүүлэх компани ч байхгүй. Ерөнхий сайд БНХАУ-д айлчлахдаа Ши Жинпин даргаар дэмжүүлж, 45 хоногийн хугацаанд ТЭЗҮ-г нь хийж дууссан. Төсөл хэрэгжсэнээр нийслэлийн түгжрэлийг 25 хувиар бууруулна гэсэн судалгаа тооцоо байгаа. Нийт ТЭЗҮ нь 926 сая ам.долларын өртөг бүхий төсөлд Засгийн газраас үндсэн зээлийн 50 хувьд нь баталгаа гаргавал 85 хувийг нь БНХАУ-ын талаас гаргана гэдгээ илэрхийлсэн. Ингэхдээ урд хөршийн дөрвөн том компани голлох гүйцэтгэлийг хийж, 10 жилийн хугацаатай таван хувийн хүүтэй зээлээр тэднийг улсаас нь санхүүжихээр байгаа. Үлдсэн 15 хувийг хот түгжрэлийг бууруулах 420 тэрбумаасаа гаргах тооцоолол хийсэн" гэлээ.