Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлтийг хууль бус байсан тул хүчингүй болгосон гэв
4 сарын 27, 2022

Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний баримт бичгийг устгадаг гэх асуудлаар мэдээлэл хийлээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах "Иргэн Г-ээс 2021 оны аравдугаар сард УБЕГ-т хандаад, гэрлэсний бүртгэл хүчингүй болгуулъя. Би хэзээ ч өөрийн биеэр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй, энэ гэрлэлт бол хууль бус гэх гомдол мэдээллийг өгсөн. Түүний дагуу холбогдох хяналтын улсын байцаагчийн “хүчингүй болгох” шийдвэр гарсан байдаг. Холбогдох конвенцод төлөөлөх эрх бүхий байгууллагад бүртгүүлэх, хоёрдугаарт  өөрийн биеэр гэрлэх хүслээ илэрхийлсэн байх ёстой гэх шаардлага тавьдаг. Мөн Гэр бүлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулиар өөрийн биеэр бүртгүүлсэн байх, холбогдох баримт бичгийг бүрдүүлсэн байх, гэрчтэй байх ёстой гэсэн шаардлагыг хангасан нөхцөлд хүчин төгөлдөр гэрлэлт гэж үздэг. УБЕГ гэрлэлтийг хууль бус буюу хуулийн дагуу бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Дүгнэлттэй холбоотойгоор нөгөө талын иргэнээс Захиргааны хэргийн шүүхэд хандсан гэж ойлгож байгаа. Мөн энэ асуудал нь шүүхийн шатанд явж байгаа гэж ойлгож байна. Мэдээлэл устгах гэдэг асуудал УБЕГ-т байхгүй. Хүчингүй болголоо гэдэг нь мэдээллийн сангаас устгаж байна гэсэн үг биш бөгөөд тэмдэглэгээ л хийгдэж байгаа зүйл. Өөр нарийвчилсан мэдээллийг өгөх боломжгүй" хэмээлээ.