Д.Энхтуяа: LRT буюу тулгуурт хөнгөн галт тэрэг Улаанбаатар хотод тохиромжгүй
4 сарын 28, 2022

Улаанбаатар хотын түгжрэлийн асуудалтай холбогдсон нийтийн тээврийн LRT төслийн талаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа “Энэ оны төсөвт нийслэлийн түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг тусгасан. Бидэнд төсөв төлөвлөгөөнд тусгагдсан, урьд нь төлөвлөсөн ТЭЗҮ,  түгжрэлийг бууруулах бодлого бий. Гэтэл өнөөдөр 2.8 тэрбум америк доллароор Яармагаас-Сансар хүртэлх 18.1 километрт LRT хөнгөн галт тэргийг хийнэ гэж ярьж байна. Тайландын нийслэл Бангкок хотод тулгуурт хөнгөн галт тэрэг буюу LRT явдаг. Энэ бол хотын төвөөр явахад маш зохимжгүй тээврийн хэрэгсэл. Тухайн тээврийн доогуур маш их тоос шороо унаж, бужигнадаг. Бангкок хотын уур амьсгал харьцангуй чийглэг учраас ийм тээврийг ашиглаж байна. Тиймээс LRT буюу тулгуурт хөнгөн галт тэрэг Улаанбаатар хотод тохиромжгүй. Одоогоор дэлхийн олон хотууд LRT төслөөс татгалзаж байна. Нэгдүгээрт, хотын өнгө үзэмжид таарахгүй. Хоёрдугаарт, эрчим хүч их зарцуулна. Эрчим хүчний сайд “Ирэх оны өвөл цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийнэ” гэж хэлсэн. Гэтэл цахилгаанаар явдаг зардал өндөр тээврээр түгжрэлийг шийднэ гэж ярьж байна” хэмээв.