Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн Т.Доржхандад хариу өглөө
5 сарын 16, 2022

УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар иргэдээс гарын үсэг цуглуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн билээ. Төрийн байгуулалтын  байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гишүүн Т.Доржханд болон иргэдийн саналд хариу өглөө. Тэрбээр "Шаардлагад тусгасан асуудлууд Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагддаг. Тус шаардлагын нэгдүгээрт, сонгуулийн тогтолцоог өөрчлөх тухай асуудлыг тавьсан. 2019 оны долдугаар сарын 16-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл саналыг ирүүлсэн. Уг төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.3.4-т заасны дагуу саналын түвшинд харгалзан УИХ-ын 62 гишүүн гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн. Уг төслийг улс төрийн намуудаар хэлэлцүүлэх үед хувь тэнцүүлсэн тогтолцоог нээх асуудал хүчтэй яригдаж байсан. Ингээд санал гаргасан боловч дэмжигдээгүй асуудал бий. Нөгөөтэйгүүр, 2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 05 тоот дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг тухайн үеийн парламент хүлээж авч тогтоол баталснаар Монгол Улс мажоритар системээр сонгууль хийдэг нөхцөл байдал руу орсон. Та бүхний тавьж байгаа шаардлагын нэгдүгээр зүйлд байгаа энэ асуудлыг парламент хэлэлцэж байсан, өнгөрсөн жил намууд хэлэлцүүлэг зохион байгуулж байсан. Цэцийн энэ шийдвэрийг УИХ хүлээгээд авчихсан учраас энэ ингээд хаалттай болчихсон явж байгаа. Тэгэхээр бас нэг гарц нь цэц өөрөө энэ маргааныг хянан шийдвэрлэх боломжтой нөхцөл байдал байгаа. Энэ асуудлыг цаашид бид нээлттэй хэлэлцэх бүрэн боломж бий. Одоогийн сонгуулийн систем иргэдийн саналыг бүрэн төлөөлөх боломжгүй, санал гээгдэж байна гэх шүүмжлэл бий. Хуулийн дагуу ороод ирвэл хэлэлцэж болно" гэлээ.