Г.САЙХАНБАЯР: Цэргийн сургуультай холбоотой асуудлыг ил зарлаад байдаггүй
9 сарын 5, 2022

  Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдээлэл өглөө. Г.Сайханбаяр “Монгол Улсын Батлан хамгаалахын яам бол цэргийн дипломат харилцааны шугамаар 40 оронтой, хамтын ажиллагаатай ажилладаг. Батлан хамгаалахын яам цэргийн хамтын ажиллагааны асуудалд болон олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, цэргийн сургуультай холбоотой асуудлыг дэлхий нийт болон улс орны хэмжээнд зарлаад нээлттэй хэлбэрээр явуулдаггүй, тодорхой хэмжээнд хаалттай байх ёстой. Монгол Улс дипломат харилцаатай 10 гаруй оронтой хоёр талын хамтарсан цэргийн сургуулийг зохион байгуулдаг. Энэ онд АНУ-тай хоёр талын хамтарсан сургуулийг долоон удаа зохион байгуулсан. Орос Улстай хоёр удаа хамтарсан хээрийг сургуулилт явуулсан. Герман, Түрк, Япон зэрэг улстай хоёр талын сургууль явуулж байна.

Монголчууд цэргийн албан хаагчдынхаа чадварыг нэмэгдүүлэх, хоёр улсынхаа уламжлалт найрамдалт харилцааг бэхжүүлэх, харилцан бие биенээсээ суралцах, бусад оронтой хамтарсан сургалт дадлагаар ур чадварааа нэмэгдүүлэх зорилгоор сургалтаа зохион байгуулж байгаа. Мөн түүнчлэн өнгөрсөн наймдугаар сарын  8-9-ний хооронд зохион байгуулсан "Сэлэнгэ" сургуультай холбоотой асуудлыг  өнөөдрийг хүртэл ярьсаар байна. Мөн өнгөрсөн наймдугаар сарын 12-нд ОХУ-ын бүх цэргийн албан хаагчдын техник хэрэгсэл Монгол Улсын нутаг дэвсгэрээс буцсан байгаа. Энэхүү сургууль бол төлөвлөгөөний дагуу явагдаад дууссан. Тиймээс иймэрхүү цэргийн хамтын ажиллагаатай холбоотой асуудалд дүгнэлт хийх, болчимгүй үг яриа гаргах, түүнийгээ цацах асуудалд болгоомжтой хандахыг анхааруулмаар байна” гэлээ.