С.Эрдэнэ, Д.Ганбат нар сүүдрийн парламент байгуулна гэв
10 сарын 6, 2022

   С.Эрдэнэ тэргүүтэй Ардчилсан нам мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Д.Ганбат, С.Эрдэнэ нар МАН-д хяналт тавих сүүдрийн парламент байгуулж байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат Ардчилсан намын бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг илгээж байна. Улс орны өмнө нэн хариуцлагатай үе ирлээ. Үнийн өсөлт дийлдэхгүй, ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Гэтэл 2023 оны улсын төсөв бялуурсан, нөгөө л сайд дарга нараа тэжээсэн төсөв баталлаа. УИХ-ын Засгийн газарт тавих хяналт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байхгүй болсон. УИХ хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо. Засгийн газар ямар ч хяналтгүй их мөнгө зарцуулж, үр дүнгүй ажиллаж байна. Эв нэгдэл хамгийн чухал. Гэтэл Ардчилсан намын бүлгийг хоёр хувааж, манай нөхдүүдийг ашиглан хагарал үүсгэлээ. Ардчиллын үнэт үйл бол Монгол Улсын Үндсэн хууль юм” гэв.

Харин Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ардчилсан нам болон МҮАН нэгдэж, өчигдөр санамж бичигт гарын үсэг зурсан. Үзэл санаа үнэт зүйл нэгтэй хоёр нам тодорхой хугацааны дараа нэг улс төрийн хүчин болж ажиллах тохиролцоонд хүрлээ. Нийгэм, эдийн засаг, улс төрийн хүндрэлтэй нөхцөл байдлыг амжилттай даван туулахад улс төрийн намуудын оролцоо маш чухал. Ардчилсан нам үндэсний хэмжээний намынхаа хувьд ардчиллын төлөөх намуудыг нэгдэхийг уриалж байна. Манай намын үүд хаалга үргэлж нээлттэй. Монголд бүртгэлтэй 36 улс төрийн нам, хүчин байна. Эдгээр нам нэгдэж чадвал өнөөгийн эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавьж, хязгаарлах бүрэн боломжтой. Монголын төр улам тогтворгүй, эдийн засаг доройтох эрсдэлтэй байна. Дэлхийн банкны мэдээллээр Монгол Улсын өрийн тааз 100 хувь болсон. Дахин өр нэмэх боломжгүй гэдгийг анхааруулж байна гэсэн. Сүүлийн гурван жилийн улсын төсвийн алдагдлыг авч үзвэл, 10 орчим их наяд төгрөгт хүрч байна. Бид ийм эдийн засаг, нийгмийн алдагдалтайгаар буруу бодлого хэрэгжүүлж улс орны хөгжлийг хязгаарлаж буй энэ цаг үед дуугүй байх эрхгүй. Ардчилсан нам сүүдрийн парламентаа байгуулж, бодлогын үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна” гэв. Түүнчлэн тус намын нэгдлээс Үндэсний бодлогын 11 хороог байгуулжээ. Үндэсний бодлогын хорооны намрын ээлжит хуралдааны нээлтийг аравдугаар сарын 13-нд эхлэх юм байна.