Үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийг нэвтрүүлэхээр төрийн албан хаагчдыг чадавхжуулж байна
11 сарын 3, 2022

“Үр дүнд суурилсан төлөвлөлт болон төсөвлөлт нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд зохион байгуулж эхэллээ. Тус сургалтад нийслэл, дүүргийн бодлого төлөвлөлт, төсөвлөлт, тайлагналт, хяналт шинжилгээ болон хөдөө аж ахуй, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан 80 гаруй төрийн албан хаагч хамрагдаж байна. НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү сургалтыг нээж “Төсөвлөлт, төлөвлөлт нягт уялдаа холбоотой явах нь бодлого, шийдвэрүүд оновчтой байж, үр дүнтэй хэрэгжихийн баталгаа болдог. Нийслэл, дүүргийн хөгжлийн төлөвлөлт, төсөвлөлтийг боловсронгуй болгоход тус сургалт ихээхэн хувь нэмэр оруулна гэж найдаж байна” хэмээн онцлон тэмдэглэв.  

Сургалтын үр дүнд оролцогчид дараах чиглэлээр мэдлэг, мэдээлэл эзэмшиж байна.

  • Үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлтийн чиглэлээрх онол, арга зүй.
  • Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хандлага; Үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлтийн арга зүйг хэрэгжүүлсэн олон улсын туршлага.
  • Үндэсний болон салбарын бодлого, орон нутгийн хөгжлийн чиглэл, төлөвлөлт, төсөвлөлтийн уялдааг сайжруулах чиглэлээр онол, практикийн мэдлэг.
  • Үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийн аргачлалыг нийслэл, дүүргийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд нэвтрүүлэх салбарын бодит жишээн дээр ажиллана.

Бодлого, төсвийн уялдааг орон нутгийн түвшинд хангах ажлын үндэс суурь болж буй тус сургалтыг нийслэл, 21 аймгийн 1500 гаруй албан хаагчийг хамруулан 2022 оны есдүгээр сарын 12-ноос эхлэн үндэсний хэмжээнд амжилттай зохион байгуулж байна.