“Бяцхан үрсээ хайрлая, хамгаалъя” уриалгын хүрээнд нөлөөллийн аяныг зохион байгуулна
11 сарын 8, 2022

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн “Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөр”-тэй хамтран “Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээлэл” сургалт, уулзалтыг зохион байгууллаа.

Хүүхэд хамгаалал дахь салбар бүрийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, цахим ертөнц дэх хүүхэд хамгааллыг сайжруулах, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой тус уулзалтад аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжийн хэвлэл, мэдээлэл хариуцсан ажилтан, орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллага, хүүхэд хамгаалагч, сайн дурын идэвхтнүүд оролцсон юм.

Уулзалтаар “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, мөрдөгдөж буй хууль, дүрэм, журмын хэрэгжилт”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах, өвөлжилтийн бэлэн байдлыг хангах хүүхдэд ээлтэй бодлого төлөвлөлт”, “Хүүхдэд ээлтэй хэвлэл, мэдээллийн байгууллага ба сэтгүүлч”, “Хэвлэл, мэдээллийн цензургүй байдал хүүхдийн сэтгэл зүйд үзүүлж буй сөрөг нөлөө ба үр дагавар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдвээр мэдээлэл өгч, харилцан туршлага солилцлоо.

Оролцогчид “Бяцхан үрсээ хайрлая, хамгаалъя” уриалга дэвшүүлэн “Хүчирхийллийг цэглэе” нөлөөллийн арга хэмжээг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар боллоо.