Зүүн Азийн залуучуудын наадмын бэлгэдэл дүрийг танилцууллаа
11 сарын 10, 2022

Зүүн Азийн есөн үндэсний олимпын хорооны залуучуудын дунд зохион байгуулдаг 12 төрөлт спортын наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдөр тус наадмын бэлгэдлийг залуус, сурагчдад танилцуулав.

Аливаа бүс, тив болоод олимпын наадмууд нь өөрийн гэсэн лого, бэлгэдэл, маскот буюу дүртэй байдаг. Дүрийн хувьд голдуу амьтны дүрийг сонгож, бэлгэддэг.

Энэ талаар “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Бат-Энх “Спортын наадмыг зохион байгуулж буй эзэн орон өөрийн бүс нутагт ховордож буй амьтдыг олон нийтэд таниулах, хайрлан хамгаалах, үлгэр туульсын дүрийг сэргээх зорилгоор бэлгэдэл дүрээ тодорхойлдог. Тийм учраас бид хангарди, галбингаа шувууг бэлгэдэл дүрээрээ сонгосон. Хангарди шувуу нь Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг бөгөөд эр чадал, эрэмгий зориг, их ухаан цогцлоосон домгийн шувуу юм. Тус наадам нь жендерийн  тэгш эрх, тогтвортой хөгжлийн зорилтыг хангах зорилготой учраас “Эмэгтэй дүртэй байя” гэх саналыг уран бүтээлчид гаргасан. Ийнхүү үлгэр домгийн үзэсгэлэнт жигүүртэн, үг хэл цэцэн, бурхны дууч, бүхнийг чадагч хэмээн эрхэмлэн дээдэлдэг Галбингаа гэх домгийн галт шувууг нэг дүрээрээ сонгосон” хэмээн тайлбарласан юм.

Бэлгэдэл дүр болох хангарди шувууг “Хаки”, галбингаа шувууг “Инга” гэж нэрийджээ. Нэрийг сонгохдоо Зүүн Азийн бусад орны тамирчид хэлэхэд амар, энгийн дуудлагатай байхаар тооцсон байна.  “Инга” гэх нэрийг галбингаа гэх нэрийн хэсгээс авчээ.

Наадмын логог монгол гэрийн тоононы дүрсээр хийсэн бөгөөд “Улаанбаатарын дээвэр дор нэгдэцгээе” гэх агуулгатай аж. Түүнчлэн газар зүйн байршлаар харахад Зүүн Азийн бүс нутгийн орнууд дундаас Монгол Улс өрх, тооно хэсэгт нь оршиж байсан тул ийнхүү логогоо тодорхойлжээ.

Наадмын бэлгэдэл дүрүүдийг зураач Э.Түвшинтөр зурж, хүүхэлдэй урлаач Б.Бямбацэрэн бүтээсэн байна. Бэлгэдэл дүрийг танилцуулах үеэр Жүдо бөхийн дэлхийн аварга, Олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Холимог тулааны тамирчин Б.Баттөр /Ангууч/ нар хүүхэд, залууст амжилтын түүхээ хуваалцан, ярилцсан юм.

Холимог тулааны тамирчин Б.Баттөр /Ангууч/ хүүхэд, залууст хандан “Одоо үед хамгийн чухал авьяас бол тууштай хөдөлмөр болчихсон. Ямар ч авьяастай хүмүүсийг тууштай байдлаар ялах боломжтой. Олимп бол дэлхийн улс үндэстнүүдийг нэгтгэж, эв нэгдлийн бэлгэдэл болдог хамгийн гоё наадам. Харин Зүүн Азийн залуучуудын наадмыг анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байгаа нь маш чухал ач холбогдолтой. Уг наадмаар дамжуулан дэлхийд өөрсдийгөө сурталчлан, хамтдаа хөгжих  боломжтой гэж харж байна. Спорт бидэнд ялж, ялагдаж сурахаас эхлээд сэтгэл зүй, бие физиологийн эрүүл мэндийг өгдөг. Бүгд зорьсон зүйлдээ тууштай байгаарай” хэмээн захисан юм.