Дулааны аргаар бэлтгэсэн 0.8 тонн ямааны махыг устгажээ
11 сарын 14, 2022

   Дулааны аргаар бэлтгэсэн 0.8 тонн ямааны махыг нянгийн хэмжээ хэтэрсэн гэх үндэслэлээр устгажээ. Тодруулбал, Засгийн газрын тавдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулан байгуулсан. Үүний хүрээнд Шадар сайд С.Амарсайхан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатайгаар хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллахыг МХЕГ-ын дарга Б.Баасандоржид үүрэг болгож байв. Энэ дагуу 2022 оны зургаадугаар сарын 6-ны өдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд “Өлзийт тал” ХХК-д хийсэн шалгалтаар экспортлох зорилгоор дулааны аргаар бэлтгэсэн чанарын шаардлага хангаагүй 0.8 тонн ямааны махыг илрүүлж, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шилжүүлсэн. Улмаар тухайн боловсруулсан маханд нянгийн хэмжээ өндөр, хүнсэнд болон дахин боловсруулж хэрэглэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Иймд тус компанийн дулааны аргаар бэлтгэсэн 0.8 тонн ямааны махыг нянгийн хэмжээ хэтэрсэн гэх үндэслэлээр Баасан гарагт Улаанчулуутын хогийн цэг дээр нийслэлийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд болон Мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох албаныхан устгасан байна.