Хан-Уул дүүрэгт “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн уулзалт боллоо
12 сарын 26, 2022

НИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл 9 дүүрэгт “Эмэгтэйчүүдийн уулзалт”-ыг санаачлан зохион байгуулж байна. Тус зөвлөлөөс дүүрэг, хороодод эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулах зорилготой юм. Энэ нь нийслэлийн дүүрэг, хороодын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах идэвхжүүлэх, тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэх, нийслэл болон дүүргийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, эрх тэгш байдлыг ханган ажиллахад чиглэнэ.Энэ талаар Нийслэлийн ИТХ-ын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн дарга Б.Мягмар “Хан-Уул дүүрэг 25 хороотой. 7 эмэгтэй төлөөлөгчтэй. Эмэгтэйчүүдийн тэгш эрх нийгмийн салбарын хөгжил нийслэл, дүүрэг, хорооны хөгжилд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлье гэсэн зорилготойгоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна.

Хан-Уул дүүргийн хувьд бүтээн байгуулалтын олон ажлыг энэ онд хийсэн. Тухайлбал, Азийн хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Хан-Уул дүүрэгт дүүргийн жишиг эмнэлэгтэй болох гэж байна. Мөн архинд донтох эмгэгтэй хүмүүст туслах зорилгоор Аддиктологийн төв байгуулах хөрөнгө оруулалтын ажлыг шийдвэрлэлээ.Мөн өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ЖДҮҮ-г дэмжих, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч, гэрчийг хамгаалах төв байр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх ашиг, ахмад настан, гэр бүлийг дэмжих чиглэлээр тодорхой бодлогын хүрээнд ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийлээ. Харин 2023 онд Нийслэлийн ИТХ-ын дэргэд байгуулагдсан Эмэгтэйчүүдийн зөвлөл дүүрэг, хороод руугаа чиглэсэн ажлыг хийнэ” хэмээв.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхан “Монгол улс НҮБ-ын гишүүн орон. Гишүүн орнуудын хамрагддаг 7 гол конвенц байдаг. Үүнээс хамгийн гол конвенцын нэг нь эмэгтэйчүүдийг алагчлахгүй, ялгаварлан гадуурхахгүй байх, нийгмийн эрх тэгш оролцоог бий болгох конвенц юм. Манай улсын хувьд нийт хүн амын 50 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Анхан шатанд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байдаг ч шийдвэр гаргах түвшинд бага байдаг. Иймээс шат шатандаа эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр сүүлийн жилүүдэд голчлон анхаарч байна” гэв.