Найман зорчигтой машин мөсөнд цөмөрч, гурван хүүхдийн бие хүнд байна
2 сарын 14, 2023

Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн нутаг дахь Хяргас нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин нуурын мөс цөмөрч живсэн зорчигчид нь эсэн мэнд гарсан тухай дуудлага энэ сарын 11-ний өдрийн 13:20 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн  алба хаагчдыг очиход тус аймгийн Улаангом сумаас Завхан сумын “Хэцүү хад” гэдэг газрын чиглэлд 8 зорчигчтой /үүнээс 5 нь хүүхэд/ зорчиж явсан  иргэн Г-ын “Хайлюкс” загварын суудлын автомашин живсэн байсан.

Увс аймгийн Наранбулаг сумын хүн эмнэлгийн эмч нар ажиллаж зорчигчдийг мөн өдрийн 23:33 цагт аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн боловч 4 хүн /үүнээс 3 хүүхэд/-ий биеийн байдал хүнд байна. Хоёрдугаар сарын 12-ны өдрийн 11:55 цагаас 18:50 цаг хүртэл 18 метрийн гүнд шумбалт хийж, автомашиныг ган татлагаар холбосон бөгөөд 50 метр газар хонгил гаргаж мөсийг цэвэрлэсэн. 02.13-ны өдрийн 11:00 цагаас ажиллагааг эхлүүлэн 30 метр газар хонгил гарган мөсийг цэвэрлэсэн бөгөөд нуурын мөс нимгэн байгаа тул 8-10 метрийн холоос ган татлага холбон татаж автомашины хойд талыг мөсний ирмэг дээр гаргаж ирсэн боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:30 цагт түр зогсоосон. Хоёрдугаар сарын 14-ний өдрийн 11:00 цагт ажиллагааг эхлүүлнэ.