Гар утас бүлэглэн хулгайлдаг этгээдүүдийг баривчилжээ
2 сарын 15, 2023

     Сар шинийн баяр ойртож буйтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас томоохон зах, худалдаа үйлчилгээний газрууд, хүн ихээр зорчдог газруудад хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилгоор нэгдсэн эргүүл хяналт, шалгалтыг зохион байгуулж дараах хэргүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

      Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрдийн автобусны буудал орчимд 13 настай эмэгтэйн халааснаас “Ай фоне” загварын гар утсыг тодорхой эрхэлсэн ажилгүй 33 настай эрэгтэй хулгайлсан байна. Мөн тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс  20 настай эмэгтэй  “Самсунг” галакси загварын гар утас, 25 настай эмэгтэйн Ай фоне 12 про загварын гар утсыг 37-51 насны гурван эрэгтэй бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүлж, сэжигтэй этгээдүүдийг баривчилсан байна.  

   Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс материалжуулан шалгаж байна. Иймд иргэд та бүхэн худалдааны төв, нийтийн тээврийн хэрэгслээр бэлэн мөнгөтэй явах, гар утсаа халаасалж явах үедээ сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулсан юм.