Г.БАТЦЭНГЭЛ: Уул уурхайн салбарт дараах зургаан асуудал тулгарч байна
4 сарын 3, 2023

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр өглөөний уулзалт хийдэг уламжлалтай. Энэ дагуу "2023 оны сорилтуудыг даван туулах нь" сэдвийн хүрээнд өглөөний ээлжит уулзалтаа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй өнөөдөр хийж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын боомтын болон аж үйлдвэржилтийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгаа тэлэх, уул уурхайн олборлолтоос боловсруулалтад шилжиж, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх зэрэг суурь бодлогыг уул уурхай, ашигт малтмалын салбарт оновчтой болгох, үүнд төр, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо ямар байх талаар ажил хэрэгч санал, шийдэл гаргах нь өнөөдрийн уулзалтын гол зорилго юм.

Тэгвэл энэ үеэр Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл уул уурхайн салбарт тулгамдаж буй дараах зургаан асуудлыг хөндөж тавилаа.

  1. Нэгдүгээрт, уртын ээлжийн зохицуулалт болон хүний нөөцийн хомсдол үүсээд байна.
  2. Хоёрдугаарт, байгаль орчны баримт бичгийн баталгаажуулалт буюу орон нутгийн иргэдийн зөрүүтэй ойлголт, эсэргүүцэл нь уул уурхайн салбарт хүндрэл үүсгэдэг.
  3. Гуравдугаарт, тусгай ачаа бараа буюу тэсрэх бодисын хадгалалт, тээвэрлэлтийн асуудал байна.
  4. Дөрөвдүгээрт, Ерөнхий сайдын дэргэдэх хорт болон аюултай бодисын зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.
  5. Тавдугаарт, АМНАТ-ыг тооцоолох жишиг үнээс болж олоогүй орлогод үндэслэсэн татварын хүндрэл нь хувийн хэвшилд дарамт үүсгэдэг. Энэ нь төр, хувийн хэвшлийн хооронд маргаан үүсгэж байна.
  6. Зургадугаарт, уул уурхайн салбарын дэд бүтцийн асуудлыг төр, хувийн хэвшлийнхэн ярилцаж шийдмээр байна.