Ашиглалтын хугацаа дуусаж, эрсдэл үүссэн 1000 орчим лифт байна
4 сарын 5, 2023

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас “Өргөх байгууламжийн чанар, аюулгүй байдал, стандарт зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд БХБЯ, ХНХЯ, УБЗАА, Стандарт, хэмжил зүйн газар, Хотын стандарт, хяналтын газар болон өргөх байгууламжийн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага, ашиглагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр өргөх байгууламжийн талаар хэрэгжүүлж буй бодлого, хяналтын тогтолцоо, хөдөлмөрийн аюулгүй байдал, стандарт, осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр илтгэл тавьж, хэлэлцлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 8600 гаруй цахилгаан шат байгаагаас нийтийн орон сууцны зориулалттай 5360 лифт бүртгэлтэй байна. Үүнээс 139 нь ашиглалтын шаардлага хангахгүй, 800 гаруй нь ашиглалтын хугацаа дууссан буюу эрсдэлтэй нөхцөлд байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг. Нийслэлд өргөх байгууламжийн тусгай зөвшөөрөл бүхий 180 гаруй байгууллага байдаг ч 40-50 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Өргөх байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг хөдөлмөр, техникийн аюулгүй байдал, чанар стандартыг мөрдүүлэх зорилгоор сургалт, зөвлөгөөн зохион байгуулж байна. Зарим лифтний эзэмшигч, ашиглагч байгууллага нь тодорхойгүй, засвар, техник үйлчилгээг хариуцдаг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагатай гэрээ хийгээгүй, мэргэжлийн ажилчин байхгүйн улмаас иргэдийн аюулгүй зорчих байдал алдагдаж, энэ асуудлаар гомдол тасардаггүй. Тиймээс НЗДТГ, УБЗАА-наас 1000 орчим лифтийг шинэчлэх чиглэлээр олон улсын байгууллагуудтай хэлэлцээр хийж байгаа” гэв.

УБЗАА үйл ажиллагаагаа иргэдэд ил тод, нээлттэй, хурдан шуурхай хүргэх зорилгоор цахим шилжилт хийж буй. Тодруулбал, хот, нийтийн аж ахуй, инженер хангамж, СӨХ, конторын чиглэлээр үйлчилгээ эрхэлдэг төрийн болон хувийн 2000 гаруй байгууллага, 18000 орчим албан хаагчийн өдөр тутмын үйл ажиллагааг UB Engineering системээр дамжуулан цахимжуулж байна.

Нийслэлд ирж буй лифттэй холбоотой гомдол мэдээллийн дийлэнх нь  хуучны, угсармал 9-12 давхар байрнуудынх байдаг. Тэдгээрийг засварлах боломжгүй, сэлбэг хэрэгслийг дахин үйлдвэрлэхээ больсон зэрэг шалтгаанаас болж зайлшгүй шинэчлэх шаардлага үүсдэг аж. Цахилгаан шатны 20-25 жилийн эдэлгээтэй байдаг бол ашиглалтын шаардлага хангахгүй болсон 139 лифтний 90 орчим хувийг 30-аас дээш жил ашигласан аж.