Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар санал солилцох хэлэлцүүлгийг зохион байгууллаа
4 сарын 5, 2023

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос  өнөөдөр (2023.04.04) Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийн талаар мэдээлэл өгч, санал солилцох эхний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.  Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг удирдан явуулав. 

Уг хэлэлцүүлэгт  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, тус яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг болон иргэний нийгмийн байгууллага, Монгол Улсад хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл  оролцлоо. 





Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Авлигын хэрэг  нууц далд байдалд хийгддэг, эрх бүхий албан тушаалтнуудтай холбогддог учраас язгуур үндсийг таслан зогсооход зөвхөн нэг байгууллага, төрийн байгууллагын үүрэг мэтээр хязгаарлагдаж болохгүй. Бүх нийтийн оролцоо дэмжлэг чухал. Тиймээс  Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл нь онцгой ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.  Мөн тэрбээр, ДХИС-ийн багш, оюутнуудтай уулзах үеэр Мэдээлэгчийн эрх зүйн байдлын тухай хууль гэж өөрчилье гэдэг санал гарч байсныг  дурдаад  хэлэлцүүлгийн явцад анхаарч ажиллахыг Ажлын хэсгийн гишүүдэд зөвлөв. 



Хэлэлцүүлгийг хааж Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг хэлсэн үгэндээ, Монгол Улсад нийтийн эрх ашгийн төлөө дуугарсан иргэн төрийн хамгаалалтад орох алхмыг дэвшилд хүргэсэн эрх зүйн зохицуулалт бүхий сайн хууль гарахын төлөө хамтран ажиллая гэж уриаллаа  хэмээн  Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.