Сөүл хот Хан мөрнөөр хүмүүсийг тээвэрлэдэг усны автобустай болно
6 сарын 23, 2023

    Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа өнөөдөр Хан мөрнөөр хүн тээвэрлэх усны автобустай болох төлөвлөгөөгөө зарлаж, үйл ажиллагааг эрхлэн явуулах байгууллагыг шалгаруулах тендер зарлажээ.

Тендерт оролцогчдод материалаа долдугаар сарын 14-ний дотор ирүүлэх хугацаа өгсөн байна.

Шалгарсан байгууллагыг долдугаар сарын 21-нд зарлах гэнэ.

Ирэх оны хоёрдугаар хагаст Сөүл хотын баруун дүүрэгт орших Гимпо гүүрнээс зүүн өмнөд дүүргийн Жамсил гүүрний хооронд иргэдийг усны автобусаар тээвэрлэж эхлэхээр төлөвлөжээ.

Тендерт шалгарсан байгууллага эхний нэг жилийн хугацаанд хамгийн цөөндөө зургаан автобусаар үйл ажиллагаагаа явуулах ба хоёр дахь жилдээ 10-аас дээш болгон тоог нэмэгдүүлэх үүрэг хүлээх юм байна.

Автобус бүр хамгийн цөөндөө 150 зорчигчийг 20 унадаг дугуйн хамт тээвэрлэх багтаамжтай байх бөгөөд цагт 37  км-ээс дээш хурдтай явах шаардлагыг бас тавьжээ.

Энэ оны гуравдугаар сард Сөүл хотын захирагч О Сэ Хүн албан ажлаар Британийн нийслэл Лондон хотод хүрэлцэн очихдоо Темза мөрнөөр хүн тээвэрлэдэг автобусаар зорчиж үзсэн юм байна.

Үүний дараа Сөүл хот усны автобустай болох төсөл яригдаж эхэлжээ.

Тус хотын усны автобус нийтийн тээврээс гадна аялал жуулчлалын зорилготой байх гэнэ. Хотын захиргаа усны автобусны үйлчилгээнд тулгарах бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд анхаарал тавихаар болжээ. Тухайлбал зорчигч буулгаж, суулгах тавцан бэлдэх, санхүүгийн үр ашигтай байдлыг хангах зэргийг хариуцах юм байна.