Ц.Цогзолмаа: 79-р сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хариуцлага тооцно
6 сарын 20, 2018

Засгийн газрын хуралдааны үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа шалгуулагчдыг хохироохгүй үүднээс Улсын бүртгэлийн газартай серверээ холбосон. Шалгалт өгөх гэж байгаа хүүхдийн регистрийн дугаарыг хийхээр шалгуулагчийн бүх мэдээлэл гарч ирж байгаа учраас бүртгэл дээр ямар нэгэн гомдол гараагүй. Мөн хууль хяналт, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар олон хүүхэд хохирсон гэсэн гомдол гараагүй. Энэ жил анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өгөх анги танхимыг бэлдэж өгсөн. Мөн хорих ангид ял эдэлж байгаа долоо хүүхдийг шалгалтад оруулсан. Долоо хоногийн дараа шалгалтын дүн гарна" гэсэн юм. 

Энэ үеэр Нийслэлийн 79 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбайд тоглож байсан хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн талаар  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас тодруулсан юм.

Тэрээр" БСШУСЯ-наас ажлын хэсэг гарч 79 дүгээр сургууль дээр болсон асуудал дээр очиж, ажилласан. Хэдийгээр хичээл тарсан ч хүүхдүүдэд өөр тоглох орчин байхгүй учир сургуулийн хөл бөмбөгийн талбайд тогложээ. Хөл бөмбөг тоглодог төхөөрөмжийн нэг талын баганын төмөр унасныг ажил хүлээлцсэн манаач, сургуулийн удирдлагууд анзаараагүй байсан. Үүнийг анзаарч засах нь сургуулийн удирдлагуудын үүрэг. 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд захиргааны хариуцлага авна, жижүүрт арга хэмжээ авна. Хүүхдийн амь гэдэг үнэтэй зүйл. Гэтэл сургуулийн захирал “амиа алдсан хүүхдийн ар гэр хүнд” гэдэг мэдээлэл хийж байгаа нь ёсзүйгүй асуудал. Тиймэс сургуулийн захиралд  Ёсзүйн арга хэмжээ авна" гэлээ.

Мөн тэрээр нас барсан хүүгийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж уучлал хүсэж байгаагаа энэ үеэр хэлсэн юм