Зайсангийн зарим замыг шөнийн цагаар эсрэг урсгалтай болгоно
5 сарын 9, 2023

Авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд нийслэлийн зарим уулзвар, замд хөдөлгөөн зохион байгуулалтын арга хэмжээ авч буй. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Зайсан орчмын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн нэг чигтэй болгосон. Харин урин дулааны улирал ирж, барилга угсралтын ажил эхэлж буйтай  холбогдуулан хөдөлгөөн зохион байгуулалтад зарим өөрчлөлтийг хийж байгаа талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:

-Улаанбаатарт барилга угсралт, бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Зайсан орчмын зарим замын хөдөлгөөнийг эсрэг урсгалд оруулах арга хэмжээ авна гэлээ.

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн:

-Зайсан тойруугийн хөдөлгөөн нэг чигтэй болоод таван сар болж байна. Хөдөлгөөний эрчмийн хувьд Энхтайваны гүүрээр урагш зорчих Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөн 40 орчим хувиар сайжирсан. Мөн уулын гэж нэрлэдэг Дүнжингаравын замаар зорчих хөдөлгөөний эрчим 37 хувиар сайжирсан байна. Өнөөдрийн байдлаар хөдөлгөөн тогтворжин жигдэрсэн үед оргил цагт нэвтрүүлж буй хөдөлгөөний эрчим өмнөх үетэй харьцуулахад 46 хувиар сайжирсан гэсэн үзүүлэлт бий. Тэгэхээр Зайсан тойруугийн зүүн тал буюу нэг чигийн зохион байгуулалт өдрийн цагаар үргэлжилнэ. Харин шөнийн цагаар тодорхой замыг эсрэг урсгалтай болгоно.

Тодруулбал, 23:00-06:00 цаг хүртэл буюу шөнөөр дараах замууд эсрэг урсгалтай болгоно. Үүнд:

  • ХААИС-ийн дөрвөн замын уулзвараас KFC-ийн гурван замын уулзвар хүртэл;
  • Зайсан тойруугийн зүүн хойд гурван замын уулзвараас ХААИС-ийн дөрвөн замын уулзвар хүртэлх зам үүнд хамаарах юм.

Харин 06:00-23:00 цаг хүртэл буюу өдөр Зайсан тойруу нэг чигийн урсгалтай хэвээр байна хэмээлээ.