УИХ-ын Хаврын чуулган 6-р сарын 29 нд хаалтаа хийнэ
6 сарын 25, 2018

 

УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулган энэ сарын 29-ний баасан гарагт хаалтаа хийхээр УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөс шийдвэрлэсэн байна.  УИХ-ын тухай хуулийн 15.1-д УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 1-ний өдрөөс дараа оны 2 дугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган 4 дүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 1-ний хооронд тус тус хуралдахаар тусгасан.

Хэрэв ээлжит чуулганыг нээх, хаах өдрүүд амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал ажлын өдрийг шилжүүлдэг. Энэ жил 7 дугаар сарын 1 ням гарагт таарч буй тул УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулганыг зургадугаар сарын 29-ны баасан гарагт хаахаар шийдвэрлэсэн байна. 

УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө Тавантолгой төслийг эргэлтэд оруулах, Татварын багц хуулийг шинэчлэх зэрэг олон чухал хуулийн төслүүдийг батлах болов уу гэсэн хүлээлт байсан ч хангалттай хэлэлцэх хугацаа байхгүй учир  хойшлох нөхцөл үүслээ. 

Өнгөрсөн пүрэв гарагт Засгийн газраас УИХ-ын даргад  Тавантолгой төслийг эргэлтэд оруулах хуулийн төслийн өргөн барьж, УИХ -аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр болсон. Гэвч УИХ завсарлах хугацаа ойртсон тул ирэх долоо хоногт багтаан Тавантолгойг хөдөлгөх төслийг хэлэлцэж, батална гэдэг  мөн бүтэшгүй болж байгаа юм.

Түүнчлэн Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах гэх мэт олон чухал асуудал хаврын чуулганаар хэлэлцэхээр товлогдоод байсан ч хэлэлцэгдэж амжсангүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хувьд 2 чуулган дамжин яригаж байгаа бөгөөд эрх баригчид хаврын чуулганаар хэлэлцэнэ гэж байсан ч мөн л хойшилж байна. Тиймээс ирэх намрын чуулган эхлэхээс өмнө ээлжит бус чуулган зарлаж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм.