УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Ирэх оны төсвийн төслийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулсан. ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй ЦЕГ, ШШГЕГ, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг 10 гаруй агентлагийн төсөвт нийт 493.1 тэрбум төгрөг тусгажээ. Тухайлбал, 39 тэрбум төгрөгийг цалин хөлс, 36 тэрбум төгрөгийг тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох, байр ашиглалтад 508 сая, ажил үйлчилгээ худалдан авахад 4 тэрбум төгрөг зарцуулах зэргийг төсвийн төсөлд тусгасныг Ц.Нямдорж сайд дурьдлаа. Тухайлбал, УИХ-аас Улсын бүртгэлийн багц хуулийн төслийг баталсан боловч дээрх хуулийг хэрэгжүүлэх зардлыг төсвийн төсөлд тусгаагүй байгааг С.Бямбацогт гишүүн дурьдлаа. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гудамж, талбайг камержуулах чиглэлд төсөвт тусгасан эсэхийг тодруулав.
Камержуулалтыг гадаадын 35 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж буйг салбарын сайд хэллээ. Харин Улсын бүртгэлийн багц хуулийн төслийг хэрэгжүүлэхэд нийт 5 тэрбум төгрөг зарцуулах саналыг УБЕГ гаргасан хэдий ч Сангийн яам хүлээж аваагүй гэдгийг ажлын хэсгээс хариулсан.
Түүнчлэн Н.Учрал гишүүн Засгийн газрын хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг амжилттай зохион байгуулахад УБЕГ-т тодорхой төсөв тусгах шаардлагатай байгааг онцолсон юм. Мөн 2019 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд нийт хэдэн төгрөг тусгасныг асуув.
2019 онд 1.6 тэрбум төгрөгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд зарцуулахаар тусгасныг ажлын хэсгийн гишүүд онцлов.
Мөн үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, “УБЕГ-ын 2400 орчим компютер акталсан. Үүнийг шинээр авч, УБЕГ-ын үйл ажиллагааг сайжруулахад 11 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Гэтэл Сангийн яам бидний саналыг хүлээж авахгүй байна. Энэ газрын төсвийн асуудлыг шийдвэрлэж, тоног төхөөрөмжийг нь сайжруулахгүй бол 2020 онд сонгууль зохион байгуулахад хүндрэл үүснэ” гэлээ.
Түүнчлэн Ш.Раднаасэд гишүүн хууль, хяналтын байгууллагуудын орон тоо, унааны асуудлыг 2019, 2020 онд шийдвэрлэх нь туйлын чухал байгааг онцлов. Гэмт хэрэг, зөрчилтэй өдөр шөнөгүй тэмцэж буй цагдаагийнхан, тэр дундаа сумын цагдаа нар унаагүй байгааг шүүмжилсэн.