Засгийн газрын хуралдаанаар энгийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чили улсын Засгийн газар хоорондын нот бичгийг баталсан. Үүний дагуу хоёр орны иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй, тэр дундаа манай иргэд Өмнөд Америкийн зургаан улсад визгүй зорчих боломж бүрдүүлээд байна.
Мөн хуралдаанаар “Дипломат, албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталжээ. Дээрх төрлийн паспорт эзэмшигчид Азербайжан улс руу 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих болж буй аж. Түүнчлэн дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоног харилцан визгүй зорчихтой холбоотой Монгол Улс, Бүгд Найрамдах Армян Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлагдаад буй юм.