Индонез Улсын Жакарта хотноо энэ сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулахад залуучууд, залуу судлаачдыг татан оруулах, дэмжих, идэвхжүүлэх замаар шинжлэх ухаан, технологи, инновацийг нэвтрүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүс нутгийн хуралд ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн, ахмад П.Чимэдцэрэн оролцоод ирлээ.
НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын газар, Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Индонезийн ”U-Inspire групп”-тэй хамтран зохион байгуулсан тус хуралд 32 орны шинжлэх ухаан, технологийн салбарын 60 гаруй залуу судлаач, мэргэжилтэн оролцсон байна.
Хурлаар улс орнуудын төлөөлөл “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийн хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа арга хэмжээнийхээ талаар танилцуулга хийсэн юм.
Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэнд шинжлэх ухаан, технологи, инновацийг нэвтрүүлэх, хөгжүүлэх, салбар салбарын эрдэмтэн, судлаачдыг татан оролцуулж, орон нутгийн болон бүс, үндэсний хэмжээний түвшинд платформ байгуулах санал солилцжээ.
Индонез улсын хувьд улс газар хөдлөлт, цунами, үер зэрэг томоохон гамшигт ихээр өртдөг байна. Тиймээс гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр судлаач, мэргэжилтнүүд хамтран “U-Inspire” группыг байгуулан, хэрхэн ажиллах талаар тунхаг бичгийг батлан, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэдгээ хурлын үеэр онцлон танилцуулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.