УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болж гурван асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаар бүлгийн дарга болох намайг мөн Хотын дарга С.Батболд, УИХ-ын дарга М.Энхболд нарыг огцруулах асуудлыг намын дарга У.Хүрэлсүх хөндсөн. Бүлгийн дарга болон Хотын дарга С.Батболдыг огцруулах шийдвэрийг гаргасан. Харин УИХ-ын даргыг огцруулах асуудал тусдаа яригдах ёстой. ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдийг чөлөөл. ЖДҮХС-аас авсан зээлээ банк, бус санхүүгийн байгууллага руу оруулж ард иргэдийг шулан мөлжсөн ийм үйл ажиллагаа явагдсан гэх яриаг шалгаж хуулийн байгууллагаар хариуцлага тооцох ёстой. ЖДҮХС-аас зээл авсан хүмүүс улс төрийн хариуцлага хүлээх ёстой гэдэг шаардлагыг би тавьсан. Намайг намын даргыг шүүмжилсэн мөн ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийг хамгаалсангүй гэх хоёр шалтгаанаар огцруулж байгаагаа өчигдөр хуралдааны үеэр мэдэгдсэн. Би намын даргыг шүүмжилнэ. Нэг хүний дарангуйлалд байж болохгүй. У.Хүрэлсүх гэх хүнийг дарамталж болохгүй болсон. Шүүмжилсэн хүнийг утсаар залгаж болон бусад аргаар дарамталж байна. Нэг хүнийг тахин шүтдэг боллоо. Бид ийм дарангуйллыг бий болгох гэж 28 жил ажиллаагүй. Миний бүлгийн дарга байх эсэх нь чухал биш. Монгол улсын эрх ашиг чухал шүү. Шударга ёс манай улсад алдагдаж байна. Хэрвээ миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол өөрийнхөө бланкан дээр Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулах болно гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Тиймээс энэ шударга бус үйл ажиллагаа явуулж буй У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг өнөөдрөөс хөндөж УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлж буйгаа мэдэгдэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударга ёсыг тогтооно гэж албан тушаалд томилогдчихоод шударга бус зүйлтэй тэмцэж чадахгүй байна” гэлээ.