Нүүрс тээврийн машин шатаж, жолоочийн биеийн 95 хувь нь түлэгджээ
11 сарын 13, 2018

Энэ сарын 9-ны өдөр Тавантолгойн нүүрс тээврийн машины кабин шатаж, жолооч Д-ийн биеийн 95 хувь нь түлэгдэж, ГССҮТ-ийн сэхээн амьдруулахад ухаангүй байгаа аж. Машинд байрлуулсан зориулалтын бус халаалтын төхөөрөмжөөс үүдэн гал гарсан байна.

Хэргийн талаар Монголын эрчим хүч, геологи уул уурхайн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, МТХГТАҮЭХолбоо, хохирогчийн ар гэр хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус жолооч Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрсийг тээвэрлэдэг “Омогт цагаан шонхор” компанийн машиныг жолооддог байжээ. Тус компанийн зүгээс жолоочийн эмчилгээний зардлыг өгөхөөс татгалзсан байна. Тиймээс жолоочийн эмчилгээний зардлыг өгтөл Омогт цагаан шонхор компанийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа. Энэ асуудлаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт ханджээ.

Мөн жолоочийн эмчилгээний зардалд өдөрт хоёр сая төгрөг гарч байгааг түүний ээж хэлж байна. Жолоочид донор арьс нөхөх эмчилгээ хийх аж. Гэвч манайд донор арьс байхгүй учраас гадаадаас захиалж авах шаардлагатай. Тиймээс эмчилгээнд зориулж хандив өгөхийг уурхайчид болон ард түмнээс хүслээ. Гэтэл хятад эзэнтэй "Омог цагаан шонхор" компанийн зүгээс хүнээ аврахын тулд хамтарч ажиллана гэсэн боловч Хятадын талаас мөнгийг нь гаргаж өгөхгүй байгаа аж. Хохиролд өртсөн иргэн Д-ийн нөхөн төлбөрийг яаралтай гаргахыг шаардаж байна. Арьс нөхөхөд их хэмжээний мөнгө шаардлагатай байгаа юм.

Хохирогчийн эхнэр н.Туул хэлэхдээ "Манайх 1-8 насны гурван хүүхэдтэй, ам бүл тавуулаа. Одоогоор нөхрийн маань даралт хэлбэлзэлтэй, шокийн байдалтай байгаа. "Омог цагаан шонхор" ХХК бидэнтэй хоёр удаа уулзсан. Уулзахдаа маш удаан хүлээлгэж байж ирсэн. Өнөөдөр бидний санхүүгийн асуудал хүнд байна. Хятадын компани мөнгө гаргахгүй гэсэн. Оюутолгой ХХК-ний тусламжтай нөхөрт маань амьсгалын аппаратыг цаг алдалгүй залгасны хүчинд амь аврагдаж, яаралтай онгоцоор хүргүүлж ирсэн. Бид хоёулаа Солонгост суралцаж ирээд энд ажиллаж байна. Бид өөрсдийнхөө хүчээр амьдралаа босгосон" гэв.