Манай улсын экспортод жин дардаг нүүрс, зэсийн баяжмал гардаг Гашуунсухайтын боомт мөнхийн түгжрэл дараалалтай байдаг. Нүүрс ачсан машины цуваа байнгын асуудал болсон өмнийн говийн боомтын нэвтрэлт өнгөрсөн долоо хоногоос гацаад байна.
Түрүү долоо хоногийн пүрэв гаригт хил амарч, баасан гаригт 75 машин, бямба гаригт ердөө 174 машин хил нэвтэрчээ. Өчигдөр буюу даваа гаригийн байдлаар 400 машин хил нэвтэрсэн байна. Жирийн үед Гашуунсухайтаар 1600-2000 машин хил гардаг аж. Өмнө нь буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан Гашуунсухайтын боомт ингэж гацаж байсан юм. Тухайн үед өдөрт ердөө 400-500 машин нэвтэрч байв. Энэ байдал хэдэн сар үргэлжилж, экспорт тасалдаж, улсаараа хүндхэн байдалд орсон удаатай.
Боомтоор гарах гэж дугаарласан машинууд өчигдөр үдээс хойших байдлаар 130 км үргэлжилсэн гэх мэдээллийг бид авсан юм. Өөрөөр хэлбэл Таван толгойгоос Гашуунсухайт чиглэлийн нийт замын талаас илүү нь дан машины цуваа гэж төсөөлж болно.
Хятадын талаас “Гашуунсухайтын боомтын нэвтрэлтийг түрүү жилийн түвшинд барих, өнгөрсөн оныхоос илүү гаргахгүй чиглэлтэй байна. Иймд өдөрт нэвтрэх машины тоо он гартал 300-400-өөс хэтрэхгүй байх” гэсэн албан бус хариуг хил боомтын зүгээс өглөө. Өнгөрсөн хоёр, гурван өдөр боомт гацалтын байдалд ороход нүүрс ачсан машинуудын түгжрээ огцом ихэсч хоёр хүн амиа алджээ. Таван толгойн нүүрс тээвэрлэлтийн явцад хүн амиа алдах, бэртэж гэмтэх хэвийн үзэгдэл болсон тухай ярьж, бичдэг ч өнөөг хүртэл мэдрэгдэхүйц шийдэл гарц олоогүй байгаа юм. Нүүрс тээврийн энэ хэцүүхэн зураг олон шалтгаантай аж. Урд хөршийн тээврийн компаниудад бүхнийг даатгаад орхидог учраас аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн нөхцөлийн талаар ярихад хэцүү байдаг гэнэ.
Гашуунсухайтын тухайд Монгол Улсын экспортын гол орлогыг оруулж буй чухал боомт. Боомтоор гарах нүүрсний хэмжээ буурах хэрээр төсөвт төвлөрөх мөнгө багасах эрсдэл бий. Ганц гол боомт нь ийм байдалтай байхад манай өрсөлдөгч, хойд хөрш нүүрс экспортын боомт, дэд бүтцээ хурдтай хөгжүүлж, том амбицтай зорилтууд тавьж байгаа. 2018 он гарсаар эхний арван сард ОХУ-ын Восточный боомтын нүүрс экспортын хэмжээ 20 сая тоннд хүрч, өмнөх жилийнхээс долоон хувиар өсчээ. “Восточный” боомтын хувьд дан нүүрс экспортолдог гэдгээрээ онцлогтой. 20 сая тоннд хүрсэн нь Алс дорнодын боомтын хувьд нүүрсний экспортын хэмжээгээр тогтоож буй түүхэн дээд амжилт юм.
Оросууд ирэх онд нүүрс экспортоо 200 сая тоннд хүргэнэ гэж албан ёсоор зарлаад байна. Нүүрсний экспортоо зорьсон тоондоо хүргэхийн тулд Сибирийн нүүрсний уурхайнууд эрчимтэй ажиллаж эхэлжээ. Наад захын жишээ гэхэд л дэд бүтцүүдээ автоматжуулж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа урд хөршийн зүгээс авах нүүрснийхээ хэмжээг огцом хумьсныг төрийн тэргүүний МҮОНТВ-д өгсөн анхны ярилцлагынхаа үеэр хийсэн мэдэгдэлтэй холбон тайлбарлаж байсан юм. Тэр үед Ерөнхийлөгч Х.Баттулга “Нэг талын эдийн засаг байгаа тохиолдолд бид хөгжихгүй. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай хамаатай зүйл. Жишээ нь, бурхан шашнаа шүтэх асуудал ярихад л шүтэж болохгүй гээд байхаар юу гэх ёстой юм. Далай ламаа урья гэхэд болохгүй гэх юм. Хараат болсны л шинж. Үүнийг би урд хөрштэйгөө ярина. Бидний дотоод асуудал руу битгий орооч, бид та нарын дотоод асуудал руу ордоггүй гэж хэлнэ. Бизнес хийхдээ харилцан ашигтай байя, та нар манай бүтээгдэхүүнийг авдаг, гэхдээ битгий хямд авч бай гэнэ. Ийм л юм ярья гэж бодож байна” хэмээн мэдэгдсэн юм. Тухайн үед урд хөршийн зүгээс албан ёсоор ийм тайлбар хэлж нүүрсний импортоо огцом хумиагүйг онцолъё. Нүүрсний экспортод албан бус хориг тавьснаас хойш хэсэг хугацааны дараа ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Хятадын Сайд нарын зөвлөлийн даргатай уулзаж байсан юм. Энэ уулзалтын дараахнаас нүүрсний зах зээлд байдал наашилсныг тухайн үеийн мэдээллээс харж болно.
БНХАУ-ын хувьд Далай ламын асуудалд эмзэг ханддагийг дэлхий даяараа мэднэ. Энэ удаагийн нүүрсний импортын албан бус хоригийг ч Далай ламтай холбосон яриа чих дэлсч байна.
Өвөр Монгол дахь хятад компаниудын хүмүүсээс албан бус журмаар тодруулахад “Танайд Богд тодруулах гээд Далай лам руу хүмүүс явуулсан юм уу” гэж асууж байгаа сурагтай.
Манай улс ирэх жил 42 сая тонн нүүрс экспортолно гэж төсөвтөө тусгаад буй. Өнөө жилийн хувьд 27 сая тонныг экспортолно гэж төлөвлөсөн. Нүүрсний үнэ өсөлттэй үед их хэмжээгээр экспортолсон учраас хэдийгээр өдөрт экспортлох хэмжээ дөрвөөс тав дахин буурсан ч 2018 онд гаргана гэж төлөвлөсөндөө хүрч байгаа аж.