Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ч.Ганбат өчигдөр орон тооны бус зөвлөхөөсөө чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандан гаргасан.
Хэдийгээр Ч.Ганбатын “Монгол буйдан” компани нь 2016 оноос эхлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах хүсэлт гаргаж, барьцаа хөрөнгөдөө тааруулан зээл авч, эргэн төлөлт нь хэвийн байгаа хэдий ч УИХ, Засгийн газрын гишүүд болон тэдний хамаарал бүхий иргэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эрх мэдлээ ашиглан зээл авсан хэргийн шуугиантай зэрэгцүүлэн, төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгах, хариуцлага тооцох иргэдийн шаардлагыг бусдад хавтгайруулан нялзааж саармагжуулах үйлдлүүд хийгдэж байгаа тул ийм бусармаг үйлдэлд боломж олгохгүйн үүднээс Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөсөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Ч.Ганбатын дээрх чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөс чөлөөллөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас цалин авдаггүй, төрийн албан хаагч биш юм.