Сүүлийн үед үйлдвэрлэгчид олон камертай гар утас бүтээх чиглэлд уралдаж эхэлсэн билээ. Тухайлбал Самсунг дөрвөн камертай Galaxy A9 загвар танилцуулсан бол Нокиа таван камертай PureView 9 загвар гаргахаар зэхэж байгааг мэдээлж байна.
Тэгвэл камерны уралдаанд Өмнөд Солонгосын LG компани үсрэлт хийхээр болжээ. Тус компани саяхан 16 камертай гар утасны патентыг авахаар бичиг баримтаа бүрдүүлснийг хэвлэлүүд олж авсан байна.
Нидерландын LetsGoDigital сайтын мэдээлснээр LG компанийн 16 камерны матриц нэг зургийг олон өнцгөөс зэрэг буулгах чадвартай байх гэнэ.
Өөрөөр хэлбэл зураг авсныхаа дараа хамгийн гоё харагдах өнцгийг сонгох боломжтой байх ажээ. Патентын бичиг баримтад үзүүлсэн тайлбар дээр зурагт буусан объектын харах өнцгийг солихоос гадна объектын толгойг янз бүрийн байрлалд хөдөлгөн өөрчилж байгааг харуулсан байна. Объектын харах өнцгийг өөрчлөхөд хиймэл оюун ухааны технологи оролцож, өөрчлөлтийн үр дүнг бодитой мэт харагдуулах ажээ.
Одоохондоо 16 камерны үүрэг ямар байх тухай үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл алга байгаа юм. Камерны матрицын дор толь байрлуулснаас харвал олон камерны чадал сэлфи буулгахад зориулагдсан бололтой.