Дэлхийн хүн ам сүүлийн таван жилийн дотор хурдацтай өссөн. Үүнийг дагаад эх дэлхийн газар, эрчим хүч, усны эрэлт эрс нэмэгдэв. Гэвч энэ хэрэглээ нь байгалийн нөхөн сэргээлтээс 30 дахин их байгаа юм. Үүгээр зогсохгүй эх дэлхий хүн төрөлхтөний “үйлдвэрлэсэн” хог хаягдлыг шингээж чадахгүйд хүрээд байгаа билээ.
Гэвч хүн, байгаль хоёр одоо ба ирээдүйд зэрэгцэн оршихын тулд бидэнд ургамал, амьтнаар баялаг, хүчирхэг экосистемтэй, эрүүл дэлхий хэрэгтэй. Хэрэв хүн төрөлхтөн байгальд хандаж байгаа байдал энэ хэвээр үргэлжилбэл хүн төрөлхтөн 2035 он гэхэд хоёр дахь дэлхийн эрэлд гарч болзошгүй болоод байгаа ажээ.
Дэлхий 4.5 тэрбум жилийн түүхтэй. Үүний 200 мянга гаруй жилд хүн төрөлхтөн үүсч, амьдарч байгаа. Гэвч хүн төрөлхтөн эх дэлхийдээ ямар ч амьд организмаас хавьгүй ихээр сөргөөр нөлөөлжээ.
Дэлхийд нүүрлэж буй гол аюулыг тогтоохын тулд Дэлхий байгаль хамгаалах сан болон шилдэг эрдэмтэд, мэргэжлийн байгууллагууд хамтран “Амьд ертөнц” тайланг энэ жил 20 дахь жилдээ гаргаж байна. Энэ тайланг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар өнөөдөр /2018.12.19/ Монголд анх удаа танилцууллаа.
Дэлхий дээрх олон төрлийн амьд организм, тэдгээрийн тоо толгой хурдацтай цөөрч, зарим нь устан алга болж байгаа нь тайлангаас илэрхий байна. Жишээлбэл, зэрлэг амьтдын тоо толгой сүүлийн 40 гаруй жилд 60 хувиар цөөрчээ.
Хэт ашиглалт ба газар тариалан биологийн олон янз байдлын сүйрлийн үндсэн шалтгаан болсоор байна. Үнэндээ манай эриний 1500 оноос хойш устсан бүх ургамал, хоёр нутагтан, хэвлээр явагч, шувуу, хөхтөн амьтдын 75 хувь нь хэт ашиглалт, газар тариалангаас болж мөхсөн юм.
Түүнчлэн 2018 оны гуравдугаар сард гаргасан газрын доройтол, нөхөн сэргээлтийн үнэлгээгээр дэлхийн газар нутгийн дөрөвний нэг нь л хүний үйл ажиллагаанд өртөөгүй байна. Энэ хувь 2050 он гэхэд аравны нэг болж багасах төлөвтэй байна.
Хүн төрөлхтөн байгальд ээлгүй хандсанаар ямар үр дүнд хүрснийг онцолъё.
- Сээр нуруутан амьтдын тоо 1970 оныхоос 58 хувиар
- Хуурай газар 38 хувиар
- Цэнгэг ус 81 хувиар
- Далай тэнгис 36 хувиар буурсан байна.
Харин Монгол Улсад биологийн төрөл зүйл дараах байдлаар доройтжээ.
- Халиун буга 1980 онд 130 мянга байсан бол 2010 онд 20 мянга болж 87 хувиар буурчээ.
- Тарвага нь 40 сая байсан бол 1990 онд 20 сая, 2002 онд таван сая болсон байна.
Үүний шалтгаан нь нэгдүгээрт, биологийн төрөл зүйлийг хэт ихээр ашиглах, биологийн нөөцийг нөхөн сэргээгдэх хэмжээнээс давуулан ашиглаж байгаатай холбоотой. Хоёрт, хөдөө аж ахуй буюу газар тариалан, мал аж ахуй эрчимжихийн хэрээр биологийн төрөл зүйл хомсдож байдаг байна. Түүнчлэн байгалийн бохирдол, харь зүйлийн түрэмгийлэл үүнд нөлөөлдөг байна. Хэрэв байгалийн доройтол жил бүр энэ хэвээр нэмэгдсээр байвал 58 хувьтай байгаа биологийн төрөл зүйлийн хомсдол 2020 онд 67 хувь болох төлөвтэй байна.
Дэлхийн байгаль хамгаалах сангаас энэ байдлаас гарахын тулд дараах зургаан зүйлд анхаарлаа хандуулах шаардлагатай гэж үзжээ.
- Ойн нөөц, хэрэглээ
- Далай тэнгис
- Цэнгэг усны нөөц, хэрэглээ
- Амьтан ургамлын ашиглалт
- Уур амьсгал, эрчим хүчтэй холбоотой асуудал
- Хоол хүнстэй холбоотой асуудал
Эдгээр зургаан асуудалтай холбоотойгоор маркетинг, санхүү, засаглалын асуудалд улс орон бүр анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа ажээ.