АХБ санхүүжилттэй Дээд боловсролын шинэчлэлийн төслөөс зарласан Орон нутгийн хөгжлийг дэмжих тэтгэлэгт төслийн хоёр дахь шатны шалгаруулалт явагдаж байна.
Орон нутгийн сургалтын байгууллага, их дээд сургуулийн хөгжлийг дэмжих зорилгоор зарласан тэтгэлэгт төслийн уралдаанд нийт 15 сургуулийн 67 төсөл иржээ. Эхний шатны шалгаруулалтад шинжээчдийн баг ажиллаж, Ховд их сургуулийн дөрөв, ШУТИС-ийн Орхон аймаг дахь Технологийн сургуулийн тав, ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн дөрөв, МУИС-ийн Эрдэнэт сургуулийн дөрөв, Дорнод Их сургуулийн нэг, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн нэг, нийт 20 төсөл шалгаруулсан байна. Энэ удаагийн онлайн хурлаар шалгарсан 20 төсөл өөрсдийн төслийн талаар онлайнаар танилцуулж, үүнээс 12 төслийг шалгаруулан “Дээд боловсролын шинэчлэл” төслөөс санхүүжүүлэх юм. Хурлын эхэнд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, “Яамнаас орон нутгийн сургалтын байгууллагуудаа дэмжих бодлогын хүрээнд олон ажил хийж байна. Өнгөрөгч тавдугаар сард Ховд аймагт орон нутаг дахь их дээд сургуулиудын эрдэм шинжилгээний хурал, чуулган зохион байгуулсан. Мөн 24 хүний бүрэлдэхүүнтэй багийг Хонг Конгийн их сургуульд боловсролын менежментийн сургалтад төслийн зардлаар хамрууллаа. Орон нутгийн элсэгчдийг дэмжих зорилгоор босго оноог доогуур тавьж өгсөн. Энэ удаа зохион байгуулж байгаа тэтгэлэгт шалгаруулалтад олон санал санаачилга ирүүлсэнд талархалтай байна. Цаашид үр дүнтэй бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлснээр орон нутаг дахь их дээд сургуулийн хөгжилд ахиц гарах болно” гэв.