Ирэх онд IPO хийхээр хүлээгдэж буй компаниуд
12 сарын 27, 2018

2018 онд хамгийн олон компани IPO хийсэн амжилттай жил болж өнгөрч байна. ЛэндМН, Монгол базальт, Мандал, Ард даатгал хувьцаагаа олон нийтэд анх удаа санал болгоод буй. Мөн онцлох нэг үйл явдал нь монголын хөрөнгийн зах зээлд “Давхар бүтгэлийн журам” хэрэгжиж эхэлснээс хойш анх удаа Торонтогийн биржид бүртгэлтэй Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн Монголын хөрөнгийн бирж (МХБ) дээр үнэт цаасаа бүртгүүлсэн билээ. 

IPO хийсэн компаниудын тухайд ЛэндМН -ий захиалга гэхэд 16 дахин давж биелсэн бол Мандал Даатгал, Ард Даатгал МХБ дээр олон нийтэд даатгалын салбараас хувьцаагаа арилжсан анхны тохиолдлууд боллоо. 

Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай "2018 оны хувьд хамгийн их IPO хийгдсэн жил болж өнгөрлөө. Хувьцааны арилжаанд оролцогч иргэдийн идэвхжил ч асар их нэмэгдэж өнөөдрийн байдлаар 967,642 данс, 150,829 холболтын данс нээгдсэн байна. 2019 онд IPO хийх компаниудын буухиа үргэлжлэх мэдээтэй.  Тухайлбал, Түмэн Шувуут ХК нэгдүгээр сард багтаж IPO хийхээр төлөвлөж байгаа бол дараа дараагийн IPO хийх компаниуд Санхүүгийн Зохицуулах Хороонд (СЗХ) хүсэлтээ гаргаад шийдвэрээ хүлээж байна. Мөн хэд хэдэн компанийг давхар бүртгэлтэй болгох асуудлаар яриа хэлэлцээ маань үргэлжилж байгаа. 2019 ондоо амжвал олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй нэг компани дахин МХБ дээр гарах боломжийг судалж байна" гэлээ.

2019 онд хөрөнгийн зах зээлийн арилжааны төлбөр тооцооны системд DvP зарчмыг нэвтрүүлэх, төлбөр тооцоог Т-2 горимд шилжүүлэх ажил хийгдэх хүлээлт байгааг Х.Алтай захирал онцолж байв. СЗХ-ны үнэт цаасны дэлгэрэнгүй бүртгэлд төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой болон хувийн нийт 304 хувьцаат компани бүртгэлтэй байгаа бөгөөд 2018 оны III улирлын байдлаар 54 үнэт цаасны компани Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.

Тайлант хугацаанд Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2,350.5 тэрбум төгрөгт хүрчээ. 

Зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.8 хувиар өсөж, 2017 оны жилийн эцсийн ДНБ-ий дүнд харьцуулахад 8.4 хувьтай тэнцсэн бөгөөд нийт зах зээлийн үнэлгээний 91.7 хувийг 30 компани бүрдүүлжээ.

2018 оны III улирлын байдлаар зах зээлийн үнэлгээний 76.8 хувийг 10 компани бүрдүүлсэнбөгөөд эдгээр компанийн ихэнх нь уул уурхай, аж үйлдвэрлэл, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. 

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХАМГИЙН ӨНДӨР 10 ХК (2018.III)

  1. АПУ 605.0 
  2. Таван толгой 386.6 
  3. Говь 261.5 
  4. Мик Холдинг 227.4
  5. Сүү 76.8 
  6. Евроазиа капитал холдинг 60.1
  7. Монгол Шуудан 53.9
  8. ЛэндМН ББСБ 52.8
  9. УБ БҮК 46.0
  10. ГУТАЛ 34.8 нар байна. 

СЗХ-ны өгсөн мэдээллээр IPO хийхээр одоогоор МОНОС Хүнс, МОСТ Финтек, Ард Кредит зэрэг компаниуд хүсэлтээ албан ёсоор өгөөд байгаа аж. Салбарын шинжээчдийн хэлж буйгаар СЗХ  IPO хийх хүсэлтээ өгсөн компаниудад татгалзсан хариу одоогоор өгөөгүй. Харин хамтран сайжруулах шаардлагатай ажлууд дээр нь ажиллаж байж компаниудад зөвшөөрөл олгож байгаа гэлээ. 

МОНОС Хүнсийн хувьд нэлээд дээрээс IPO хийх тухай ярьж байсан ч зах зээлийн тааламжтай хугацаа мөн СЗХ-ны шийдвэр зэргээс хамаарч хойшлоод буй. Хөрөнгийн зах зээлийн шинчээжид МОНОС группийг хувьцаа гаргахад хамгийн тохиромжтой, ирээдүйтэй компани гэж онцолдог. 

МОСТ ФинТекийн хувьд Монгол Улсын үндэсний хэмжээний цахим төлбөр тооцооны дэд бүтэц байгуулах зорилгоор 2008 онд байгуулагдсан ба Мost Money үйлчилгээг 2012 оны наймдугаар сарын 27-ны өдөр зах зээлд нэвтрүүлсэн компани юм. Тус компанийг одоогоор А.Сүхдорж, ИТ компас, Грэйпсити монгол зэрэг хувь хүн болон компаниуд хамтран эзэмшиж байна. 

Ард Кредит ББСБ ХХК нь 2011 оны 4-р сард үүсгэн байгуулагдан Монгол улсад бичил болон жижиг зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Ард Санхүүгийн Нэгдэлийн хөрөнгө оруулалттай компани юм. Он гараад  IPO хийх "Түмэн шувуут"-ын хувьд  өндөгний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг. Тус компанийн нэг бүр нь 20 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 200,000,000 /хоёр зуун сая/ ширхэг энгийн хувьцаа бүртгэж авсан бөгөөд компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас  нийт хувьцааны 25 хувийг олон нийтэд анх удаа санал болгон гаргаж "Монголын хөрөнгийн бирж" ХК-аар дамжуулан арилжихаар шийдвэрлэснийг хэлэлцэн, дээрх 200 сая ширхэг хувьцааны 50,000,000 /тавин сая/ ширхгийг тогтоосон үнийн аргаар тус бүрийн үнийг 200 төгрөгөөр нийтэд  санал болгон худалдахыг зөвшөөрчээ.