Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцаж, хүүхдийн өвчний эмчилгээнд нэн шаардлагатай тариурын, дуслын шахуургыг гардуулж өглөө. Тариурын шахуурга нь өвчтөнд тарих тарианы хэмжээ болон хугацааг тохируулан шахагч багаж бөгөөд эмч сувилагч нарын ажлыг хөнгөвчилдөг давуу талтай.
Иймээс 2019 оны нэгдүгээр сарын 03-ны өдрөөс эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, өнөөдрийн байдлаар СХД - 223, ХУД – 214, БЗД-281, ЧД 75 хүүхдийн орон дээр -198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. ЧЭМТ 105 хувь, ХУНЭ 108.8 хувь, Налайх ЭМТ 64 хувь, СБНЭ 55.2 хувь, СХНЭ 50.3 хувь, Багануур ЭМТ 47.6 хувь, БГЭМТ 24 хувиар тус тус нэмэгдсэн. Насанд хүрэгсдийн 157 орыг, зөөврийн 266 орыг нөөц орон зайд тавьж, нийт 423 орыг нэмэгдүүлж, зохицуулалт хийн ажиллаж байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, хүлээгдэл чирэгдэлгүй ажиллах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагаар ажиллуулах, дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах дээр нэмэлтээр эмч ажиллуулах, хүний нөөцийг нэмэгдүүлж ажиллахыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хугацаатай үүрэг, даалгавар өглөө.