Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ойн хүрээнд 22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам өчигдөр Монголын хүүхдийн ордны Их танхимд болж өнгөрлөө.
Энэ жилийн утгын чимэг наадмын ерөнхий шүүгчээр Ардын уран зохиолч, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Балжирын Догмид, шүүгчээрТөрийн шагналт, Хүүрнэл зохиолын үндэсний төв(ХЗҮТ)-ийн гишүүн, зохиолч Далхаагийн Норов, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Бидэрийн Баярсайхан, Нацагдоржийн нэрэмжит шагналт, ХЗҮТ-ийн гишүүн, зохиолч Т.Баасансүрэн, Б.Сарантуяа нар ажилласан.
Энэ жилийн “Утгын чимэг” наадамд Улаанбаатар хот болон орон нутгийн 62 зохиолч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 10 бүтээл шалгарсан байна. Тодруулбал, зохиолч М.Уянсүхийн “Алтан худаг”, Ц.Ганболдын “Араатан”, Г.Даваасүрэнгийн “Байлдааны морьд”, М.Эрдэнэбатын “Байхгүйн зовлон”, Б.Цоожчулуунцэцэгийн “Булангийн зогсоол”, С.Дамдиндоржийн “Гурван хэмжээс”, Т.Бум-Эрдэнийн “Олон болоорой”, П.Батхуягийн “Сүүлчийн зүсэлт”, С.Оюуны “Тэнгэрийн хүү”, Л.Эрдэнэбатын “Эх оронгүй хүн” богино өгүүллэг шилдгийн шилдэг бүтээлийн төлөө өрсөлдсөн юм.
Эдгээр бүтээлийг Ардын жүжигчин Гомбын Равдан, гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал, соёлын тэргүүний ажилтан, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Даваа, Мөнгөнтулга, нэвтрүүлэгч Сайнтод, уран уншигч Энхдөл, Монголын радиогийн нэвтрүүлэгч Одбаяр, СУИС-ийн багш Билгүүнсар нар уншсан.
Ийнхүү “Утгын чимэг-22” наадмын дүн гарч С.Дамдиндоржийн “Гурван хэмжээс” богино өгүүллэг оны шилдгээр шалгарч, Т.Бум-Эрдэнийн “Олон болоорой” бүтээл хоёрдугаар байранд, Б.Цоожчулуунцэцэгийн “Булангийн зогсоол” богино өгүүллэг гуравдугаар байрт шалгарлаа.