Жолооны түр үнэмлэх олгож байна
1 сарын 9, 2019

Тээврийн хэрэгслийн жолооны үнэмлэхний бэлдцийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулиар нээлттэй сонгон шалгаруулж бараа материалаа хүлээн авдаг.

2018 оны жолооны үнэмлэхний бэлдэц, хор дагалдах хэрэгсэл худалдан авах нээлттэй тендерийг 2018 оны 02 дугаар сард зарлаж 6 аж ахуй нэгж байгууллага материалаа ирүүлсэн. Ирүүлсэн материал нь техникийн ерөнхий шаардлагыг хангаагүй тул тендерийн үнэлгээний хороо дахин нээлттэй тендер зарлах шийдвэр гаргасныг “Бенкью Тех” ХХК үл зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж 3 шатны шүүхээр цагдаагийн байгууллага хууль зөрчөөгүй болохыг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэрлэсэн.

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу нээлттэй тендер зарлан материал хүлээн авах 30 хоног, тендер хүчинтэй байх 45 хоног, шалгарсан компанитай гэрээ байгуулах 5 хоног гээд нийттэй 2 сарын хугацаанд шаардагддаг.

Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дугаар тушаалаар батлагдсан “Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”-ын 3.3-д заасан “Тодорхой шалтгааны улмаас /үнэмлэх хэвлэх үйл ажиллагаа тасалсан, зогссон гэх мэт/ үндэсний жолоочийн үнэмлэхийг хэвлэж олгох боломжгүй үед энэ тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан загварын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн түр зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаатай олгож болно.” гэснийг үндэслэн шинээр жолооч болсон, жолоодох эрх сэргээсэн, жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдэд 3 сарын хугацаатай түр зөвшөөрлийг хэвлэн олгож Монгол улсаас гадаад улсад ажиллаж амьдрах, сурахаар явж буй иргэдийн жолооны үнэмлэхийг пластикаар хэвлэн олгож байна.

Тендерт оролцож тодорхой шалгуурын улмаас шалгараагүй байгууллага /тухайлбал: “Бэнкью тех” ХХК/-аас санаатай болон санамсаргүй байдлаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад болж байгаагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээнд хүндрэл учирч байгаа хэдий боловч түр зөвшөөрөл авсан иргэдийн захиалга өгсөн утас, хаягийн дагуу “Монгол шуудан” ТӨХК-тай байгуулсан гэрээний дагуу хүргэлтийн үйлчилгээг үзүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна.