УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хурлаа хийж, улс төрд үүсээд байгаа цаг үеийн асуудлаар хэлэлцсэн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь Ардчилсан намын бүлэг шийдвэр гаргаж, УИХ өөрөө тарж, ээлжит бус сонгуулийг яаралтай зарлан явуулах шаардлагатай гэж тогтоолын төслүүдийг боловсруулж, гарын үсэг зурах ажиллагааг эхлүүлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар чуулганы танхимын үүдэнд байршуулсан самбар дээр нийт 14 гишүүн гарын үсэг зураад байна. Үнэхээр энэ УИХ-ын үйл ажиллагаа цаашаа явахад маш хүндрэлтэй нөхцөл байдалд хүрсэн гэдгийг нийгэм тэр чигээрээ анзаарч байгаа гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Тиймээс УИХ дарж энэ хавар яаралтай ээлжит бус сонгуулийг зарлан явуулах зүйтэй гэж үзэж байгаа юм. Өнөөдрийн УИХ дээр болж байгаа үйл явдлыг харж байхад гишүүдийн хоорондын үл итгэлцэл маргаан тэмцэл, хувь хүнийхээ хувьд бие биенийгээ гүтгэн доромжлох дайрч давшлах асуудал хэрээс хэтэрч байгаа. Энэ бүх үйлдэл Монгол төрийг үнэлэх үнэлэмжийг улам бууруулж байгаа нь гарцаагүй үнэн. Тиймээс бүлэг өнөөдөр хуралдаад, цаашид ямар байр суурин дээр байх эсэхээ ярилцлаа.
УИХ-ын чуулганы дэгийн тухай, УИХ-ын тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, энэ сарын 25-наас эхлэн мөрдөгдөх шийдвэр нэгэнт гарсан. Энэ асуудлын тухайд гарын үсэг зураг үйл ажиллагааг урьдчилан хийж байх шиг байна. Гарын үсэг зурахдаа гишүүд өөрийнхөө итгэл үнэмшлээр зурна гэж найдаж байгаа. Манай бүлгийн гадна талд байршуулсан самбар дээр бид ил тод нээлттэйгээр гишүүд хэн нэгний дарамт шахалтаар биш өөрийнхөө итгэл үнэмшлээр гарын үсэг зурах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Магадгүй энэ чуулганы хүрээнд Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ өөрөө тарж, ээлжит бус сонгуулийг явуулах нь зүйтэй гэсэн тогтоолд эцсийн удаа гарын үсэг зурсан байх гэж ойлгож байгаа. Тиймээс дахиад ямар нэгэн үйл явц дээр бүлгийн гишүүд гарын үсэг зурахгүй. УИХ-ын даргыг огцруулах энэ хуулийн үндэслэл, өргөн барих бичиг дээр гишүүд гарын үсэг зурах нь МАН-ын гишүүдийн асуудал гэж ойлгож байгаа.
Бүх асуудлыг бид хуулийн хүрээнд шийдэх ёстой. УИХ-ын даргыг огцруулах асуудал хуулийн хүрээнд явж байгаа нь зөв. УИХ-ын даргын тухайд олон нийтийн дэмжлэг үнэхээр муудсан энэ нь өөрөө УИХ-ын нэр хүндтэй шууд холбоотой байгаа. Иргэдээс авсан нийт санал асуулгын 80 гаруй хувь нь энэ "УИХ тарах нь зүйтэй" гэж үзэж байгаа нь УИХ-ын даргын ч асуудал, УИХ-ын өөрийн үйл ажиллагааны ч асуудал мөн гэдгийг бид хаа хаанаа эрүүлээр ойлгох хэрэгтэй. Тиймээс ч бид энэ байр сууриа дахин нотолж УИХ өөрөө тарж, ээлжит бус сонгуулийг явуулах ёстой гэдгээ дуулгаж байна.
Намрын чуулган хуулийн хугацаанд буюу ирэх хоёрдугаар сарын 10-нд завсарлах ёстой. Нийт 50-аас доошгүй хоног хуралдах учиртай. Энэ бол хуулийн заалт. Хэрвээ УИХ-ын даргыг огцруулах асуудал сунжрах юм бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж энэ асуудлыг цэгцлэхийг дэмжих болно.
Д.Эрдэнэбат:Намрын чуулган эхэлснээс хойш ганцхан Төсвийн тухай хуулийг л хэлэлцэж, баталсан
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төсөлд гарын үсэг зурахгүй гэж ойлгож болох уу?
-Энэ намрын чуулганы тухайд Ардчилсан намын бүлгийн гишүүдийн сүүлийн гарын үсэг УИХ өөрөө тарж, ээжилт бус сонгуулийг явуулах асуудалд гарын үсэг зурсан. Энэ чуулганы хүрээнд өөр ямар ч бичиг, баримтад гарын үсэг зурахгүй.
-УИХ-ын зарим гишүүд 40 хоног бойкот зарлалаа. Гишүүд хурал хаясан энэ асуудлаас болоод олон асуудал хуримтлагдсан байгаа. Гэтэл ирэх сард амрах асуудалд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэгвэл танай бүлгийн тухайд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг дэмжинэ гэсэн үг үү?
-Манай намын бүлэг амармааргүй байна. Гэхдээ зөвхөн дарга, цэрэг солих тухай асуудлаар ээлжит чуулган зарлан хуралдуулна гэвэл учир дутагдалтай байна. Учир нь энэ намрын чуулган эхэлснээс хойш ганцхан Төсвийн тухай хуулийг л хэлэлцэж, баталсан. Өөр ямар ч нийгэм эдийн засгийн шинжтэй хууль батлагдаагүй. Олон хуулийн төсөл хүлээгдэж байна. Ядаж л хоёр сайдаа томилж чадсангүй. Ашигт малтмалын тухай хууль гэж эргэлзээ түрүүлсэн хуулийн асуудлаас болж өнөөдрийг хүртэл алт тушаалт саатаад байгаа гэх мэт тулгамдсан олон хуулийн хуулийн асуудал байгаа. Тэгвэл энэ асуудлыг энэ УИХ зайлшгүй шийдвэрлэх ёстой.