Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа энэ сарын 21-ний өдрөөс Завхан аймагт ажиллаж байна.
Тэрбээр тойргийнхоо иргэдтэй уулзахдаа УИХ-аар баталсан хууль тогтоомж, түүний хэрэгжилтийн талаар сурталчлан таниулахын зэрэгцээ 2018 онд УИХ-ын гишүүний хувьд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өгсөн байна. Иргэдтэй хийх уулзалт 21-ний өдөр Отгон сумаас эхэлж, энэ үеэрээ зарим малчдын цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох зорилгоор сургалт явуулах гэр цэцэрлэг хоёрыг байгуулж өгчээ. Түүнчлэн, зургаан жилийн турш төсөв нь шийдэгдэхгүй сунжирсан үүрэн телефон, өндөр хурдны интернэтийн сүлжээ нэвтрүүлэх ажлын санхүүжилтийг өнгөрсөн онд шийдвэрлүүлснээр тус сумын хоёр багт өндөр хурдны интернет нэвтрүүлэн, нээлтийн үйл ажиллагааг хийсэн байна. Ингэснээр малчид, хөдөлмөрчид мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь хүлээн авах боломжтой болжээ. Шилүүстэй суманд иргэдтэй уулзах үеэрээ 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг шуурхай дуусгаж,ирэх есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулах үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өгсөн байна. УИХ-ын гишүүн З.Нарантуяа иргэдтэй хийх уулзалтаа Цагаанчулуут, Цагаанхайрхан, Алдархаан, Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, Сантмаргац, Улиастай зэрэг сумдад мөн төлөвлөн ажиллаж байна.