УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг ирэх долоо хоногийн мягмар гараг буюу энэ сарын 29-нд Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахаар төлөвлөсөн талаар өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийв.
Тэрбээр, “Ерөнхийлөгчийн боловсруулсан УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Саяхан УИХ-ын нэр бүхий 39 гишүүн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барьсан. Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх хуулийн дэгтэй. Өнөөдөр 13.00 цагт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногийн УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах болно. Миний бие УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай уулзаж, тогтоолын төслийг түргэн, шуурхай, хуулийн дагуу хэлэлцэх талаар санал солилцлоо. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу аливаа хууль Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтлэгдсэний дараа хэрэгжиж эхлэх ёстой. Энэхүү эмхэтгэлийн дараагийн дугаар энэ сарын 28-ны даваа гарагт хэвлэлтээс гарна. Тиймээс тогтоолын төслийг ирэх долоо хоногийн мягмар гараг буюу энэ сарын 29-нд Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батална. Үүний дараа буюу ирэх долоо хоногийн пүрэв, баасан гарагт УИХ-ын шинэ дарга томилогдож, сар шинийн баяраар ард түмэнтэйгээ золгох юм” гэлээ.