УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг өнөөдөр Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар гишүүн өргөн барилаа.
УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэлж байгаа. Дээрх нэр бүхий гишүүд 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр төрийн удирдах албан тушаалыг үнэлэх замаар сонгуулийн санхүүжилт босгох төлөвлөгөө буюу “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө УИХ-ын даргыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой хэмээн үзэж тогтоолын төслийг өргөн барьж буй юм. Энэхүү төсөлд 39 гишүүн гарын үсэг зурсан бөгөөд нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн барьжээ.
Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ гишүүн, “Тогтоолын төслийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг УИХ-ын даргаас хүссэн ч ирэх долоо хоногийн мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой гэсэн тайлбар хэлсэн. Энэ асуудлыг өнөөдөр байнгын хороо, чуулганаар хэлэлцэх боломжтой гэж бид үзэж байгаа. Тиймээс бид өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр уг тогтоолыг хэлэлцэх горимын санал гаргахаар төлөвлөж байна. Хэрэв бидний саналыг хүлээж авахгүй бол өнөөдрийн чуулганыг “бойкотлох” нөхцөл үүснэ” хэмээв.