Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
1 сарын 25, 2019

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дөрвөн хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга танилцуулав.


Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан гишүүн УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг өнөөдөр холбогдох байнгын хороо болон чуулганаар хэлэлцүүлэх горимын санал гаргалаа. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцэх дэгтэй гэдгийг мөн дурьдсан юм.


Мөн Б.Энх-Амгалан гишүүн дээрх гишүүдийн саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, “Сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор цахим орчинд бусдын нэр хүндэд халдах, гутаан доромжлох нь хэрээс хэтэрлээ. Тиймээс цахим орчинд хувь хүний нэр хүнд, нууцыг хамгаалахтай холбоотой хуулийг боловсруулж, батлах шаардлагатай байна” хэмээв.


Мөн О.Баасанхүү гишүүн УИХ-ын 2018 оны Намрын чуулганы хугацааг сунгах саналыг хүлээн авах эсэхийг тодрууллаа.


М.Энхболд, “Ерөнхийлөгчөөс УИХ-ын 2018 оны Намрын чуулганы хугацааг сунгах санал ирснийг МАН болон АН-ын бүлгийн дарга нарт хүргүүлсэн. Бүлгийн дарга нар саналаа ирүүлсний дараа энэ асуудлыг УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой. УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу аливаа хууль Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтлэгдсэний дараа хэрэгжиж эхлэх ёстой. Энэхүү эмхэтгэлийн дараагийн дугаар энэ сарын 28-ны даваа гарагт хэвлэлтээс гарна. Тиймээс тогтоолын төслийг ирэх долоо хоногийн мягмар гараг буюу энэ сарын 29-нд Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батална” гэлээ.


Ийнхүү чуулганаар Д.Дамба-Очир нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв.