Авлига, хүнд суртлын мэдээллийг дөрвөн цэгт өгөх боломжтой боллоо
1 сарын 28, 2019

АТГ-аас төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, авлигын гэмт хэргийн талаар иргэдээс гомдол авах, мэдээлэл, сурталчилгаа өгөх "Иргэний хяналтын төв"-ийн дөрвөн салбарыг өнгөрсөн баасан гарагт  нээлээ.


Дүнжингарав худалдааны төв, Драгон, Мишээл экспо, 6 буудал дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд үйл ажиллагаа явуулах тус хяналтын төвүүдийг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нээсэн байна.


Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцов.



АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, “Авлигатай тэмцэхэд цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө мөнгө ихээхэн шаарддаг. Манай байгууллага орон нутагт бүтцийн нэгжгүй тул улсын хэмжээнд төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг хянахад зарим талаар бэрхшээлтэй байсан. Харин Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсанаас хойш энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээг хянах, авлигаас урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Үндэсний хөтөлбөрт заасны дагуу бүх яам, агентлаг, аймгуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд Иргэний хяналтын зөвлөл ажиллаж байгаа. Тэдгээр зөвлөлүүдийг улам өргөжүүлэх, иргэд рүү ойртуулах шаардлага байгаа гэдгийг өнгөрсөн хоёр жилийн хугацаа харуулсан. Тиймээс “Иргэний хяналтын төв”-ийг нээж байгаа нь дээрх бодлогын зорилттой уялдаж байгаа юм” хэмээв.


Нийслэлээс энэ оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Төрийн үйлчилгээг авлига, хувийн ашиг сонирхлоос ангид байлгахад иргэдийн оролцоо нэн чухал” хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан онцолсон юм.


Иргэний хяналтын төв нь Авлига, ашиг сонирхлын зөрчлийн улмаас иргэдэд учирч буй хүндрэл, бэрхшээлийг газар дээр нь шийдвэрлэхээс гадна зөвлөгөө мэдээлэл өгч, гэмт хэргийн шинжтэй өргөдөл, гомдлыг АТГ-т түргэн шуурхай шилжүүлэх, шийдвэрлэх арга хэмжээ авах юм. Цаашид Нийслэлийн есөн дүүрэг, Хангарди ордны нэг цэг, Улаанбаатар хотын гаалийн бүрдүүлэлт, 1, 2, 3 дугаар эмнэлэг, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ зэрэг гуравдугаар шатлалын эмнэлгүүд, АТҮТ-ийн нэг цэгт байгуулахаар төлөвлөж байна.