М.Энхболд: Монголын парламентын түүхэнд саарал өдөр болж байна
1 сарын 29, 2019

УИХ-ын гишүүн М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөллөө. Дараагаар нь УИХ-ын гишүүн М.Энхболд чуулганы индэр дээр үг хэлсэн юм.


Тэрбээр:

 

-УИХ-ын сонгуулийн үр дүнгээр УИХ-ын даргын албан тушаалд би хуулийн дагуу томилогдож байсан. Хэдийгээр өнөөдөр шинэ хууль баталж, нэг хүнд зориулсан, парламентын дархлаанд хандаж байгаа гэж олон ийт шүүмжилж байгаа ч гэсэн би энэ хуулийн дагуу үүрэгт албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна.

 

Энэ үйл явдал хэзээ эхэлсэн, хэн хэн гарын үсэг зурсан гээд Монголын түүхэнд үлдэж байгаа. Монголын парламентын түүхэнд саарал өдөр болж байна. Дахин энэ хуулийн заалтаар хэн нэгнийг чөлөөлөх үйл явдал битгий болоосой гэж хүсч байна. Би ямар нэг албан тушаалтай зууралдаагүй. Төрийн, намын олон албан тушаалыг хашиж явсан.  Гагцхүү би энэ удаа хуулийг барьсан юм. Өргөдлөө өгөх ч хүртэл ямар нэг учир шалтгаантай. Надад өргөдлөө өгөх шалтгаан байгаагүй.

 

Ийм гарц гаргалгааг бий болгосон явдал төрийн гацааг гаргах гарц байсан. Миний удирдаж байсан УИХ-ын үйл ажиллагааг сүүлийн хоёр сарын хугацааг эс тооцвол “Би сайн ажилласан” гэж хэлнэ.

 

Хууль баталснаараа, ирц бүрэлдэхүүнээрээ бид өмнөх УИХ-уудаас илүү байсан. Эдийн засаг, санхүү, банк, санхүүгийн үйл ажиллагааг цэгцэлсэн энэ бүхэн өнөөдрийн эдийн засаг сэргэх боломж болсон юм шүү.

 

Улс орны өмнө тулгамдаж байгаа, иргэдийн бухимдаж байгаа олон асуудалд бид хэлэлцсэн. Засгийн газар хэрэгжүүлээгүйгээс өнөөдөр Улаанбаатарын утаа, “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар олон ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгүүд үр дүнгээ тооцож, олон нийтэд танилцуулна гэдэгт итгэж байна.

 

Гадаа гудамжид жагсаж, эсэргүүцэж байгаа олон нийтийг би ойлгож байгаа. Өнөөдөр энэ жагсаалт цуглааныг зохион байгуулсан зарим нэг залуу улстөрчдөдөө хандаж хэдэн зүйл хэлэх нь зүйтэй байх.

 

20 гаруй жилийн хугацаанд болсон бүх зүйлийг нэг хүнд хаяглаж болдог юм байна гэдгийг та бүхэн үзүүлсэн. Намайг харлуулах гэж ярьж байсан шударга ёс тогтоно, нийгмийн хүлээгдэж байгаа асуудлыг шийднэ, амьдрал сайжирна, уул уурхайн салбарын өгөөж нэмэгдэнэ гэх бүх зүйл иргэд олон нийтийн хүлээлт, та бүхний даалгавар болж байгаа шүү. Энэ бүхнийг хэрэгжүүлж байж та бүхний залуу улстөрч гэдэг нь хүлээн зөвшөөрөгдөнө.

 

Хэн нэгийг гаргаж ирэхийн тулд та бүхэн намайг харлуулж байсан байх. Та бүхэн миний бүтээснийг бүтээж чадахгүй. Басхүү над шиг бүтээн байгуулалтыг хийж чадахгүй. Над руу хар будаг их цацсан. Тэр их цацагдсан хар будгийг цагийн эрхэнд нар салхины аясаар хагадран унана гэдэгт итгэлтэй байна. Надад эцэг, эхийн хүмүүжил, энэ төрд зүтгэсэн тэвчээр, хатуужил байгаа. Харин эхнэр, хүүхдүүдэд маань бичиг өгч, жагсаж байгааг харж, “би ямар хүмүүстэй нэг танхимд сууж байв даа” гэдэг бодогдох үе байсан.

 

Монголын төрд өөрийн хүслээ жолоодох гэсэн үйлдэл тогтчих вий гэж санаа зовж байна.

 

МАНАН-гийн тухайд, би МАНАН-г дэмжигч биш, МАНАН-гийн Засгийн газрыг эсэргүүцэж, унагааж явсан намтартай хүн шүү.

 

Та бүхний нэгдүгээр сарын 25-ны өдөр намайг огцруулах гарын үсэг яаран сандран зурсан. Яг энэ өдрөөс 13 жилийн өмнө би Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагааж, Эв нэгдлийн Засгийн газар байгуулж, Ө.Энхтүвшин, Н.Энхболдыг сайдаар томилж байлаа. Харамсалтай нь тэд МАНАН гэдэг нэрийг надад тохоож, гарын үсэг зурсанд харамсаж байна.

 

“Шударга бусын хонгил” гэдэг үгийг бий болгож, гаргасан хүн нь өнөөдөр өөрөө Төрийн ордонд, Улсын ерөнхий прокурор ажиллаж байсан Д.Дорлигжавыг буруутгахаар явж байгаа юм. “Шударга бус зүйлүүдийг хийсэн халхавч, хоргодох байх нь болж байсан.

 

Надад өнөөдөр уул уурхайн салбарт нэг ширхэг ч лиценз байхгүй гэдгийг хэлье. Цаашдаа уул уурхайн салбарыг олон нийтэд ашигтай, өгөөжтэй олборлох талаар зүтгэсээр байх болно.

 

Энэ УИХ цаашид үйл ажиллагаа явуулж, хуулийн хугацаанд бүрэн эрхээ дуусгаасай гэж би бодож байна. Энэ УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Улс төрийн намын тухай, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөөсэй гэж хүсч байна.

 

ЖДҮХС-гийн зээл жинхэнэ эзэддээ очдог нөхцөл бололцоог бүрдүүлээсэй гэж хүсч байна.

 

Парламентын алтан зарчим бол ухаанаа уралдуулах зарчим юм. Ард түмнээс мандат авсан гишүүд төрийн эрх барих эрхээ хэн нэгний шахалт дарамтгүй хэрэгжүүлдэг байгаасай гэж хүсч байгаа.

 

Болоод өнгөрсөн сонгуулийнхаа эрх мэдлийг булаацалдаж, талцаж, хуваагдах биш болох гэж байгаа сонгуулийнхаа амжилтыг бодож, амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр эвсэж, нийлж ажиллаасай гэж хүсч байна.

 

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд намайг дэмжиж байсан гишүүд, утсаар, мессэжээр дэмжиж байгаагаа илэрхийлсэн иргэд, хэвлэлийн мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, УИХ-ын Тамгын газрынхан байгаа. Та бүгдэд би цаашдын ажилд нь амжилт хүсч, сайн сайхныг хүсье. Төгсгөлд нь би "Төр бат, ёс хүнд" гэдэг буурлуудын үгийг хэлье хэмээлээ.  

 

Ингээд УИХ-ын Тамгыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд гардуулж өглөө.