Зая бандидын хойд дүрийг Архангай аймагт нутаглуулна
2 сарын 12, 2019

Шороон нохой жилийн битүүнд дээрхийн гэгээнтэн Эрдэнэ Зая Бандида гэгээний VII дүр Лувсанданзанпүлжинжигмэд хутагт таалал төгсчээ. Буяны ажлын хүрээнд энэ сарын 13-15-нд "Гонзог" ерөөл буян хурааж, Архангай аймагт нутаглуулах болсон тухай Гандантэгчэнлин хийдээс мэдээллээ.



Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд, "Гэгээн хутагтын дүрийн лагшинг маргааш буюу шинийн наймны 08.30-12.00 цаг хүртэл Гандантэгчэнлин хийдэд залах бөгөөд сүсэгтэн олон түүнд мөргөж, хүндэтгэх бөгөөд үдээс хойш хутагтын лагшинг Архангай аймгийн төвд Зая гэгээний хийдэд залах юм. Зая гэгээнтний үе үеийн дүрүүдийн голлон суурьшиж байсан нутагт залснаар шинийн есөн буюу энэ сарын 14-нд гэгээн хутагтын лагшинд шадар шавь, орон нутгийн сүсэгтэн олон мөргөл үйлдэнэ. Харин энэ сарын 15 буюу шинийн 10-нд хутагтын лагшинг хайлуулж, Архангай аймагт нутаглуулна" гэлээ.


VII Зая гэгээний тухай Гүшог дацангийн тамгын лам Э.Батсайхан, "Архангай аймагт нутаглуулж буйн учир нь анхдугаар Зая Лувсанпэрэнлэй гэгээнтнээс хойш түүний дүрийг тус аймагт нутаглуулдаг байсантай холбоотой. Тиймээс “Гонзог” ерөөл буяны үйл ажиллагаанд сүсэгтэн олныг өргөнөөр оролцож, буян хураана гэдэгт итгэлтэй байна. Шавь нарын зүгээс ч мөн адил энэхүү ерөөл буяны ажилд итгэл үнэмшилтэйгээр оролцоно" гэв.



Зая бандида гэгээний  VII дүр Лувсанданзанпүлжинжигмэд хутагт 1971 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрөл таалж, 1999 онд Халхын Зая гэгээний дүрээр бурханы ширээнд залагдаж, тэр цагаас хойш Төвөдийн томоохон хийдэд шавилан ном суралцаж, улмаар 2003 оноос хойш Монгол орны өнцөг булан бүрт заларч, байгаль дэлхийгээ хамгаалах, лус савдгыг аргадан тахихаас гадна шашны соёлыг залуу үед таниулах, лам хуваргуудыг Энэтхэгт сургах үйлсийг хийж, бурхан номын ажилд лагшин шүтээнээ хураасан байна.



Дашрамд дурдхад, Зая бандида гэгээний анхны дүр Лувсанпэрэнлэй нь 1642 онд Сайн ноён хан буюу одоогийн Архангай аймагт төржээ. Тэрээр 17 насандаа “Богдын залбирал” хэмээх ном зохиож, 19 насандаа Төвөдийг зорьж 20 орчим жил суухдаа эмнэлгийн ухааныг судалж, “Эмийн дөрвөн үндэс” хэмээх эрдмийг эзэмшиж, буддын гүн ухааны их, бага арван ухааныг болгоожээ. “Зая бандида” хэмээх номын гэгээн цолыг Y Далай лам Лувсанжамцаас хүртэж зарлиг бүхий шар өргөмжлөл, эрдэнийн тамга тэргүүтэн зэргийг хүлээн авчээ. Зая бандида 1679 онд нутагтаа эргэн ирж одоогийн Архангай аймгийн Цэцэрлэг хотноо Заяын дээд ба доод хүрээг байгуулж Халх, Өвөрлөгчийн олон хошуу нутагт залагдан сүсэгтэн олны итгэл бишрэлийг олжээ.