БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломментай уулзаж, санал солилцов.
Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Азийн хөгжлийн банкны тусламж дэмжлэгээр олон төсөл амжилттай хэрэгжиж байгаад талархал илэрхийллээ. Хөдөө орон нутагт ЕБС-ийн сурагчдын сурах орчин нөхцлийг сайжруулах асуудал тулгамдаж байна. Орон нутаг дахь сургуулиудын олонхи нь модон жорлонтой. Үүнийг сайжруулахад АХБ-наас дэмжлэг үзүүлэх боломжтой эсэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх, жирийн хүүхэдтэй адил бага, дунд боловсрол олгох, тэдэнтэй ажиллах багш, сурган хүмүүжүүлэгч нарт мэдлэг дадлага олгоход чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Мөн ЕБС-ийн сурах бичгийн хангамжийг сайжруулах төрийн бодлогын хүрээнд сурах бичгийг түрээсээр хэрэглүүлж туршсаны үр дүнд хуримтлагдсан хөрөнгийг эргэлтэд оруулж, сурах бичгийн түрээсийн тогтолцоог нэвтрүүлж, түрээсийн үйлчилгээг хэвийн тогтвортой зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд түрээсээр хэрэглүүлэх сурах бичгийн нөөцийг бүрдүүлэхэд анхны санхүүжилт босгох асуудал тулгараад байна. Үүнд АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг судалж үзэхийг хүсэв. Хатагтай Ёланда Ферандез Ломмен, “2019 оны Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн төлөвлөлт тооцоо гарсан. Таны тавьж буй асуудлыг хэрэгжиж буй бусад төсөл хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэн дэмжлэг үзүүлэх боломжтой гэж үзэж байна. Энэ талаар АХБ-ны удирдлагуудад танилцуулж нааштай шийдвэрлэхийг хичээх болно” гэв.