Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигчийг хэлэлцэн томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр 19.30 цагт нийслэлийн “Хангарьд” ордноо өндөрлөлөө.
Хуралдаанаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун нарыг сонгохоор нууцаар санал хураав. Санал хураалтад НИТХ-ын нийт 45 төлөөлөгч оролцож, нэр дэвшигч С.Амарсайхан 25 төлөөлөгчийн буюу 56.8 хувийн санал, нэр дэвшигч С.Мөнхчулуун 19 төлөөлөгчийн буюу 44.1 хувийн санал тус тус авлаа. (Нэг саналын хуудас хүчингүйд тооцогдов). Ингэснээр НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар тодроод байна. Түүнийг нийслэлийн Засаг даргад томилуулах саналыг Ерөнхий сайдад өргөн барихаар болов. Ерөнхий сайд хуулийн дагуу тав хоногийн дотор батламжлах заалттай юм.
С.Амарсайхан: Богино хугацаанд үр дүн гаргахаар ажиллана
“Ажлаа юунаас эхлэх вэ?” гэсэн сэтгүүлчдийн асуултад С.Амарсайхан, “Санал хураалт хууль журмын дагуу боллоо. Ном журмын дагуу шийдвэр эцэслэн гарсны дараа байр сууриа албан ёсоор илэрхийлнэ. Хийх ажлыг холоос хайх хэрэггүйг та бүхэн мэдэж байгаа. НИТХ-ын шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана. Бодлого гаргах, түүнийг хэрэгжүүлэн ажиллаж үр дүнд хүрэх хоёр өөр. Утаа, автозамын түгжрэл, хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт гээд олон ажил хүлээж байгаа. Нийслэлийн хүн ам, оршин суугчид ая тухтай ажиллаж амьдрах нийгмийн асуудлыг шийдэх талаар богино хугацаанд үр дүн гаргахыг зорьж ажиллана” гэв.
Тодруулга: С.Амарсайхан нь 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1998 онд АНУ-ын Пресно хотын болон Ютa мужийн коллеж, 1998-2000 онд “Соут вест” их сургуульд суралцаж төгссөн, эрх зүйн магистр зэрэгтэй. 1992-1993 онд Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төвийн ажилтан, 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны консулын ажилтан, атташе, 2004-2007 онд “Американ трейд энд девелопмент” компанид гадаад худалдааны менежер, 2007 оноос “Оюуны ундраа групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байв. 2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Энэ хугацаанд НИТХ-ын тэргүүлэгч, “Ухаалаг Улаанбаатар” хөгжлийн хорооны гишүүн, нийслэлийн Авто худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажилласан. 2016 оноос НИТХ-ын Санхүү, төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүн байж, өнөөдрийг хүртэл НИТХ-ын даргаар ажиллаж байгаа юм.