“Салхитын тусгай ажиллагаа”-ын хоёрдугаар анги Эрдэнэтээр үргэлжилж байна
3 сарын 6, 2019

Худалдаа хөгжлийн банкны гол хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг,  тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарыг  өчигдөр баривчиллаа. Твиттер фэйсбүүкийг анзаарахад  муусайн баячуудыг барьж хоривол таарна, үйлээ эдэлж байгаа тэр, Худалдаа хөгжлийн банк ашгүй дампуурах нь гэж хөөрцөглөж алга таших хүмүүс хэтэрхий олон байгаа нь анзаарагдав. Санхүүгийн зах зээлд нөлөөтэй том банкны нэг дампуурвал зах зээлд ямар савлагаа үүсэх, иргэн Батын  хэтэвчинд яаж нөлөөлөх бол гэсэн асуулт тавьж, эрүүлээр харах хүн өнөөхөндөө ховор байна.  Яг үнэндээ У.Хүрэлсүх чин зоригт Ерөнхий сайд учраас,  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ улс орноо гэсэн сэтгэлтэй болохоороо ардын дайсантай тэмцээд байгаа юм биш л дээ. Идсэн мөнгө нь дутуудаад, илүү мөнгө идэх орон зай нь хумигдаж байгаад  бухимдсан улстөр, эдийн засгийн том бүлэглэлийн дэглэн тавьж буй жүжиг.

 Хэтээсээ манайх шиг төр нь бизнест хутгалдсан, улстөрчид нь төрийн  том компаниудаас мөнгө сааж амьдраад сурчихсан улсад  орон зайгаа тэлж, бизнесээ томруулах хувийн хэвшил эсэргүүцэлтэй нүүр тулдаг нь жамын үзэгдэл. Америк, Япон шиг хөгжье гэвэл төр нь бизнесээсээ татгалзаж хувийн хэвшлийн компаниуд нь томрох учиртай нь бас булзах аргагүй үнэн. Төр нь хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийнхнийг адалж хамаг бизнесээ атгасан улс сүйрдэгийн ойрхоны тод жишээ нь иргэд нь муур, нохойгоо барьж идээд барчихсан, өдгөө өлсгөлөнгийн аюулд ороод буй Венесуэл.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын Засгийн газартай биш Оростой хэлэлцээ хийж авсан “Монголын зэс корпораци” хувийн хэвшил томорч, төр бизнесээс шахагдаж байгаа гэдэг өнцгөөсөө яалт ч үгүй сайн жишээ, үлгэрлэмээр жишиг. Тэдэн шиг хэдэн том компани гарч ирээд  төрийн мэдэлд байгаа компаниудад эзэн суучихвал Монголын эдийн засаг хугацаа алдахгүй сэргэнэ. Нийт эдийн засгийн 30 хувийг төрийн компаниудад атгадаг учраас авлигаар амьдардаг улстөрчид төрд үүрлээд байгаа юм. Хувийн компаниуд хүчирхэгжиж, төрийн бизнес дэх оролцоо багасах хэрээр  төрийг мөнгө гэж хардаг улстөрчдийн тоо цөөрнө. Эцэстээ монголчууд бултаараа  баялаг бүтээхийн төлөө өрсөлдөж амьдарна. Улс орнуудын хөгжлийн нууц ердөө л энэ.

Эрдэнэтийн 49 хувь хувьд очсоноос хойш энэ үйлдвэр рүү хийдэг улстөрчдийн шахаа татарсан юм. Өнөөдөр Д.Эрдэнэбилэг, О.Орхон хоёрыг  баривчилсан цаад шалтгаан ердөө энэ. ЗГХЭГ-ын  өмнөх дарга Салхитын тусгай ажиллагааг удирдаж хөрөнгө оруулагчдад эвгүй дохио өгсөнийг манай сонин тухайн үед нь онцлон хүргэж байсан. Салхитын хоёрдугаар анги энэ засгийн өнгөнд, мөн л ЗГХЭГ-ын даргын заавар даалгавраар өрнөж байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хуулийнханд үүрэг өгч, өнөөдүүл нь  даргын даалгаврыг хоногийн дараа биелүүллээ.  “Монголын зэс корпораци”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар өчигдөр АТГ-ын үүдэнд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа  “ЗГХЭГ-ын даргын өгсөн үүргийн дагуу процесс өрнөж байна. Оюун-Эрдэнэ сайд цагдаагийн байгууллагын дарга нартаа үүрэг өгсөн. Хуулийн байгууллага хараат бус ажиллах ёстой. Хууль тогтоомж зөрчсөн зүйл бидэнд байхгүй. Манай компани улсаас ямар нэг байдлаар мөнгө аваагүй. Сангийн яам, Хөгжлийн банк, Монгол банкинд асуулга тавьсан. Тус байгууллагууд төрөөс нэг ч төгрөг аваагүйг нотолсон хариу бичгээ ирүүлсэн”  хэмээн онцолно лээ. Бид Сангийн яам, Монгол банк, Хөгжлийн банкнаас ямар хариу өгсөнийг тодруулсан юм.

Сангийн яам “Монголын зэс корпораци”-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинд хаягласан захидалдаа “Монголиан коппер корпорейшн ХХК нь 2015-2017 онуудад Монгол Улсын төсвийн тухай хуулиар батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ хэрэгжүүлж санхүүжилт аваагүй болохыг үүгээр тодорхойлж байна” гэсэн хариу хэлжээ. Тэгэхээр 2015-2017 онд буюу хэлцэл хийгдэж Эрдэнэтийн 49 хувь Монголд ирсэн цаг үеүдэд “Монголын зэс корпораци” төсөвт хамаатай ямар ч мөнгөнөөс хол байж. Хөгжлийн банкны бичгийг сонирхлоо. Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатын гарын үсэгтэй албан бичигт “Монголиан коппер корпорэйшн ХХК нь 2016 оноос хойш Монгол улсын Хөгжлийн банкнаас ямар нэг зээл аваагүй байна” гэсэн өгүүлбэр дурайж байна. Монголбанкнаас өгсөн албан бичигт “Төв банкны тухай хуульд заасны дагуу Монголбанк Засгийн газар болон банкинд зээл олгодог болно” гэж онцолжээ. Тэгэхээр “Монголын зэс корпораци” улсаас, төсвөөс  ямар ч мөнгө аваагүй гэсэн үг.  Том наймаа хийхдээ зээл авдаг жишиг ертөнцийн хаана ч бий. Дэлхий даяар бизнес хэлцэл ингэж л явагддаг. Манайд хөрөнгө оруулалт хийсэн Оюу толгойн толгой компани Рио Тинто гэхэд л гадны том банк, санхүүгийнхэнтэй зээлийн гэрээ байгуулж бизнесээ хийж яваа. Эдийн засаг, санхүүгийн наад захын ойлголттой хэн ч ойлгож ухчихаар ийм процессыг манай поп улстөрчид дээрэмчин, гэмтэн маягтай харуулж чадаж байна даа. Чадаад зогсохгүй  дэглэсэн жүжгээ түмэнд үнэмшүүлсэн шигээ эх орончийн дүр эсгэцгээж байна.

У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн дэглэсэн жүжгийн хамгийн том аюул юу гээч.  Салхитын гуравдугаар ангийг тэсэн ядаж хүлээж алгаа ташин суугаа хар масс биш. Эрдэнэтээс иддэг уудгаа үргэлжлүүлнэ гэж хорхой нь асч, инээдээ барьж ядан суугаа улстөрчид бүр биш. Монголд мөнгөө хийж, бизнес эхлэхийг сонирхож суугаа гадаадын хөрөнгө оруулагчид санаагаа өөрчлөх нь хамгийн том аюул. Дэлхийгээр дүүрэн бизнесийн боломж байхад Монголыг онилж онцолсон цаг хугацаандаа жаахан харамсаад дахиж наашаа зүглэхгүй. Долларын урсгал татраад ирэхээр ноён ногоон ховордоно. Ногоон валют ховордохоор ханш нь чангарна. Доллар галзуурахад өнөөдөр алгаа ташиж суугаа иргэдийн авдаг цалингийн үнэ цэнэ багасна. Сард 10 кг авчихдаг байсан бол таван кг-ыг ч авч хүчрэхээ байна. У.Хүрэлсүхийн алсаас чиглүүлсэн жүжиг, Л.Оюун-Эрдэнийн дэглэн найруулсан сценарийн үр  дүн нь ингэж л гарна даа.

Салхитын гуравдугаар анги нь Цагаан суварга гэсэн яриа чих дэлсч байна. Төдийгөөс өдий хүртэл өрнөсөн үйл явдлыг анзаарахад У.Хүрэлсүхийн дараагийн бай Н.Номтойбаяр мөн л дөө. Гэхдээ “Монголын зэс” ч тэр, МАК ч тэр хууль номоороо бизнес хийж яваа компаниуд. Ухаад ухаад тэднээс  но, алдаа олж чадахгүй. У.Хүрэлсүхийн  ЖДҮ-г саармагжуулах, алдаа булхайгаа нуух ээлжит шоуных нь нэг, өөр юу ч биш. Сүр болгож баривчилсан хүмүүсээ удахгүй суллалаа гэсэн мэдээ цацагдахад гайхах зүйл хэтээсээ байхгүй.

                                                                                                                                             Ц.БИЛИГ