Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ.
Тэрээр "ЗХЖШ-ын даргаар нэр дэвшигчийг УИХ-д өргөн барьсан. Үүнийг үргэлжлүүлээд хэлэлцээд явахыг УИХ-ын шинэ даргаас хүсч байна. Мөн Улсын ерөнхий прокурорын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод гурван сар болж байна. Тиймээс Ерөнхий прокуророор томилох нэр дэвшигчийг оруулсан. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоолоо. 1994 оны хуулиар арга хэмжээ авсан нь зөв үү?
-Энэ хуулинд буруу байхгүй. 1997 оны Засгийн газар энэ хуулийг хэрэглээд, би очиж хэрэгжүүлж байсан. Учир нь “Эрдэнэт”-ийн 49 хувийн Орост хийсэн хувьчлал асуудалтай байсан. Тиймээс Онцгой дэглэм тогтоож, үйл ажиллагааг явуулж байлаа. Өнөөдөр “Эрдэнэт”-ийн 51 хувь Стандарт банкинд өртэй байгаа энэ үед онцгой дэглэм тогтоох нь зөв. “Эрдэнэт” өөрөө 100 хувь удирдлагын асуудалтай байгаа учир зөв арга хэмжээ гэж Ерөнхийлөгч үзэж байгаа.
-ЖДҮХС-гийн асуудлыг хэлэлцэхийг АН-аас хүсэлт гаргалаа. Энэ талаар...?
-ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд Ерөнхийлөгч шүүмжлэлтэй байр суурьтай байсан. Энэ байр суурь хэвээр байгаа.
-Цэргийн ангиудад хариуцлага алдаж, цэргүүд амь насаа алдаж байна. Яагаад хариуцлага тооцохгүй байна вэ?
-ЗХЖШ-ын даргад нэр дэвшигчийг УИХ-д өргөн барьсан байгаа. ЗХЖШ-ын ажил хэвийн явж байгаа. Орлогч нар нь ажлаа хийж байгаа. Хамгийн сүүлд Зүүнбаянгийн цэргийн ангид цэргийн албан хаагч амиа алдсан. Саяхан дахиад нэг хугацаат цэргийн албан хаагч амиа алдлаа. ЗХЖШ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө өргөн барьсан.
-ҮАБЗ-ийн өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байна гэдгээ Л.Оюун-Эрдэнэ сайд өчигдөр Эрдэнэтэд ажиллах явцдаа мэдэгдсэн.
-Өнгөрсөн мягмар гарагт ҮАБЗ хуралдсан. Манай улсын эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцсан юм. Энд ярьсан зүйлс нууц учир би энд одоо ярих боломжгүй. Гэхдээ байгалийн баялаг ард түмний өмч мөн гэж Үндсэн хуулийн 6.1-т заасны дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг (нүүрс, алт, зэс байхаас үл хамааран) улсын мэдэлд буцаан авах тухай зөвлөмж гаргасан. Үүнийг биелүүлэх зорилгоор Засгийн газар ажлаа хийж, “Эрдэнэт” үйлдвэрт өчигдөр ажиллагаа явууллаа. Бид нэг улсаас хэтэрхий хараат болсон тул үүнд анхаарлаа хандуулах ёстой. Түүнээс 49 хувийг авчирсан нь зөв буруу гэдэг жижиг юм битгий хөөцөлд, цогц арга хэмжээ гэж Засгийн газарт анхааруулсан. Эхний алхмуудаа хийлээ. Шаардлага гарвал дараагийн ААН-д ч онцгой дэглэм тогтооно. ЭТТ-н Засгийн газарт ногдох 85 хувийн орлогыг төмөр замын төсөлд зарцуулах шийдвэр гаргасан. Төмөр замын ажил энэ хавар эхэлнэ. Төмөр замын гэх зохиомол хэргийн талаар их ярьдаг. Тухайн үед Ерөнхийлөгч ХХААХҮ-ийн сайд байсан.
-ЭТТ хувьцаагаа нээлттэй арилжих уу?
-Арилжина. Гэхдээ урьдчилж зарлага гаргахгүй байхыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад анхааруулсан. Энэ компанийн 85 хувийг төр, 15 хувийг иргэд эзэмшдэг. Компаниуд маш бага хувь эзэмшдэг. Энэ компани өнгөрсөн онд 800 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Төр үүний 85 хувийг төмөр зам барих төсөлд зарцуулах тул иргэд ч өөрт ногдох ногдол ашгаа авах ёстой. Тооцоо хийхэд 1072 ширхэг хувьцаатай иргэн 53 мянган төгрөг авна.
-Нэр бүхий албан тушаалтнуудыг халснаар шударга бусын хонгилыг нурааж чадах уу?
-Монголын төр хувийн компанийн халаасанд орчихлоо шүү дээ. Цагдаа, тагнуул ном журмаараа ажиллаж байна. Харин шүүх, прокурор ингэж ажиллаж чадахгүй байна. Буруутай хүмүүсийг халж, хуулийн дагуу ажиллах хүмүүсийг томилохоос өөр аргагүй.
Эрдэнэт үйлдвэрийн Стандарт банкны маргаан 51 хувийн гэх мэт өмчлөлтэй огт холбоогүй гэдгийг Ц.Нямдорж сайд тайлбарласан.
Монголын төр байсаар байтал цаана нэг хүн өөртөө банктай, хуулийн байгууллагатайгаар ажил аваад байна. 49 хувийг хувийн хэвшил эзэмшиж болно. Гэхдээ Ч.Сайханбилэг Ерөнхий сайд цаг байгаагүй гэсэн шалтгаан тоочоод эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн. Тухайн үеийн АН-ын дарга, УИХ-ын дарга гэх мэт олон хүнээс тас нуусан. Энэ худалдан авалтад миний ямар ч оролцоо байхгүй. Би Коммерсант гэдэг сэтгүүлээс анх энэ тухай олж уншаад, Ч.Сайханбилэгт энэ талаар тайлбар өгөх шаардлага тавьсан юм. Би Н.Золжаргал Ерөнхийлөгчийг томилуулсан нь үнэн. Энэ хүн 49 хувьтай холбоотойг хуулийн байгууллага тогтоогоогүй байна. Мөн Н.Золжаргал ч хууль бусаар зээл олгосон, эсэхээ тайлбарлах ёстой.
Салхитын мөнгөний ордыг зарвал 400 сая америк долларын үнэтэй. Улсын өмчөөр хайгуул хийсэн байтал тусгай зөвшөөрлийг нь нэг уяач залуу энд юу ч байхгүй гээд авсан байгаа юм. Тэр хүн Хятадад зарсан. Хоорондоо маргалдсан. Шүүгч асан Л.Бямбаа гэж хүн амь үрэгдээд байна. 400 сая америк долларын үнэтэй орд яаж уяачийн гарт очив? Хэрэв энэ ордыг Хятадын талд худалдаагүй бол авлигын хэрэг гарахгүй, шүүгч амиа алдахгүй байв. Энэ ордыг төрийн өмчөөс хувьд шилжүүлсэн хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Луйврын ийм аргаар авсан нийт 400 орчим орд бий. 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу энэ бүхнийг хийсэн. Эдгээрийн 95 хувьд нь л уурхай барьсан. Үүнд Оюутолгойн уурхай хамаарахгүй юм шүү.
-Цагаан суваргын ордод 400 орчим сая америк долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж Н.Номтойбаяр гишүүн ярьсан.
-Улс энэ хөрөнгө оруулалтыг буцаан төлөхгүй. Харин Н.Номтойбаяртай гэрээ хийн, олборлох зардлыг нь төлөөд, гарсан баялгийг улс авна. Бусад улсууд байгалийн баялгаа ашиглах маш их туршлага хуримтлуулсан. Жишээ нь ЭТТ гэрээгээр нүүрсээ олборлуулдаг. Авлига авсан гэх мэт муу талууд энэ компанид бий. Гэхдээ нүүрс олборлосон ААН-үүд ч сэтгэл ханамжтай байдаг. Гэхдээ Ерөнхийлөгч “Цагаан суварга”-ыг ав гэж хэлээгүй шүү. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, зардал гаргасан бол улс буцаан авах нь зөв.