Чөлөөт бөхийн 2019 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 16-17-нд ОХУ-ын Якутск хотод болно.
Энэхүү 46 дахь удаагийн тэмцээнд өнгөрсөн жил Будапештын ДАШТ-д эхний найман байрт орсон баг өрсөлдөх юм. Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр хойд хөршийг зорилоо.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд 57 кг-нд ОУХМ Т.Түвшинтулга, 61 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Г.Отгонбаатар, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, спортын мастер Э.Бямбадорж, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, Б.Бат-Эрдэнэ, 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, спортын мастер Э.Батмагнай, 92 кг-д ОУХМ Б.Өлзийсайхан, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, ОУХМ Л.Төртогтох, 125 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга, М.Лхагвагэрэл нарын хашир туршлагатай болон залуу тамирчдаар бүрдүүлсэн баг хүчээ сорих юм.
Монголын багийн ахлагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Б.Адъяахүү, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Б.Алтангадас, эмч Ж.Баатар нар ажиллана.
Манай эрчүүд ДЦАШТ-д 11 дэх удаагаа оролцож байгаа бөгөөд 1975, 1987 онд мөнгө, 1981 онд хүрэл медаль хүртэж, 1986, 2002 онд дөрөв, 2014 онд тав, 2015, 2016, 2017, 2018 онд зургадугаар байрт шалгарч байв.
Монголын эрэгтэй бөхчүүд энэ удаагийн тэмцээнд Дэлхийн цомын 14 удаагийн аварга АНУ, найман түрүүтэй Иран, зохион байгуулагч орон, 2016 оны тус тэмцээний хүрэл медальт Гүржийн шигшээ багтай “В” хэсэгт багтсан байна.