Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-ын хооронд 2014 онд байгуулсан иенийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл тав дахь жилдээ үргэлжилж байна.
Төслийн хүрээнд БСШУСЯ, МУИС, ШУТИС-тай хамтран “ХАМТАРСАН СУДАЛГАА-ШИНЭ ТЕХНОЛОГИ” Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурлыг өчигдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
“ХАМТАРСАН СУДАЛГАА-ШИНЭ ТЕХНОЛОГИ” Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурлын зорилго нь МУИС, ШУТИС-ийн судалгааны багууд болон Японы судалгааны баг хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, хоёр орны судалгааны ололт амжилт, үр шимийг амьдрал практикт нэвтрүүлэх, ашиглах, олон нийтэд таниулан сурталчилахад оршиж байгаа юм.
Энэхүү нэгдсэн хурал нь нэгдсэн хуралдаан, 4 салбар хуралдаан болон дүгнэлт гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд хуралд Монгол Улсын Засгийн газар, Японы Элчин Сайдын Яам, ЖАЙКА болон олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, шинжлэх ухаан, бизнесийн байгууллагууд, ажил олгогч аж ахуйн нэгжийн төлөөлөл, мөн Япон Улсын 30 гаруй доктор, профессор, судлаачид оролцож илтгэл, хэлэлцүүлж байна.
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасан судалгааны их сургуулийг бий болгох зорилтын хүрээнд Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулиуд Японы их сургуулиудын хооронд Хамтарсан судалгааг хөгжүүлснээр багш, судлаачдын судалгаа хийх арга барил улам сайжрах төдийгүй цаашлаад их сургуулийн дэргэд гарааны компани байгуулах, Японы сургалт судалгааны ажлын туршлагаас суралцаж, хэрэгжүүлэх давуу талтай юм.
Олон нийтэд “1000 инженер” гэх нэрээр танигдсан Инженер технологийн дээд боловсрол төсөл нь Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөр, Хамтарсан судалгаа гэсэн үндсэн 3 чиглэлээр хэрэгждэг.
Хамтарсан судалгааны хөтөлбөр нь Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн инженер, технологи, байгалийн ухааны салбарын багшлах хүний нөөцийг бэлтгэх, тэдгээрийн арга зүй, чадавхыг сайжруулах, Монгол Улсад судалгааны лаборатори болон гарааны компани байгуулж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, МУИС, ШУТИС-ийг судалгааны их сургууль болоход бодит дэмжлэг үзүүлэх зорилготой. Одоогоор энэхүү хоёр сургуульд 8 тэргүүлэх чиглэлийн хүрээнд 20 судалгааны багт нийт 400 орчим судлаачид Япон Улсын их сургуультай судалгааны ажлыг хамтран хийж, туршлага солилцон ажилладаг.
Одоогийн байдлаар хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд Япон Улсад магистрын зэргийн хөтөлбөрт нийт 30, докторын зэргийн хөтөлбөрт нийт 57, зэргийн бус сургалтын хөтөлбөрт нийт 209 багш судлаачид тус тус хамрагдаад байна.