Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа өнөөдөр дуусаж байна
5 сарын 9, 2018

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа өнөөдөр дуусаж байна. Тэрээр өдгөөгөөс зургаан жилийн өмнө буюу 2012 оны тавдугаар сарын 9-ний өдөр УИХ-аас нэр дэвшүүлсний дагуу Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдож байв. Мөн түүнтэй зэрэгцэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Т.Лхагвын бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа юм. Харин өнгөрсөн жил Н.Жанцан, Д.Наранчимэг нарын хугацаа дууссан. Ингэхээр нэг ёсондоо Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүнээс дөрвийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад байгаа юм. Цэцийн есөн гишүүний гурвыг нь УИХ, гурвыг нь Ерөнхийлөгч, үлдсэн гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор парламент зургаан жилийн хугацаагаар томилдог. Цэцийн гишүүнийг нэг удаа улираан томилох заалт холбогдох хуульд байсан ч маргаан үүсгэсний дагуу уг заалт унаснаар Цэцийн гишүүн улиран томилогдох хууль зүйн боломжгүй болсон юм. Иймээс дээрх дөрвөн гишүүний тухайд дахин сонгогдох боломжгүй болж байна гэсэн үг. Тиймээс удахгүй нөхөн томилгоо хийнэ.

А.ДЭЛГЭР