Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Гэр бүлийн үнэ цэн” зөвлөгөөнийг нээж үг хэлэв
5 сарын 14, 2019

Олон улсын гэр бүлийн өдрийг угтан өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Гэр бүлийн үнэ цэн” зөвлөгөөн болж байна.

Зөвлөгөөнийг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, НҮБ-ын хүүхдийн сан, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Зохион байгуулагчдын зүгээс энэхүү зөвлөгөөн нь хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэж байна хэмээн мэдээллээ.

“ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭН” ЗӨВЛӨГӨӨНИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Зөвлөгөөнд оролцогчид, зочид Та бүхний өглөөний амгаланг айлтгая.

Нийгмийн суурь, үндэстний уг сурвалж болсон гэр бүл, түүнийг тойрсон тулгамдсан асуудлын талаар зөвлөлдөн хэлэлцэж, санал шийдлээ ярьж байгаад талархаж байна.

Айл гэрийн амьдрал бүрэн бүтэн, төвшин байвал хүүхдүүд жаргалтай, эцэг эхчүүд баяртай, улс амгалан, төр төвшин байх учиртай. Харамсалтай нь гэр бүл бүрд амар амгалан оршихгүй байна. Гэр бүл дэх хүчирхийллийн улмаас мянга мянган хүүхэд нүдэндээ доголон нулимстай, сэтгэлдээ дүүрэн гунигтай гундуухан явна.

Сүүлийн гурван жилийн байдлаар гэхэд 3000 гаруй хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 5000 гаруй хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон байна. Хүүхдүүд ихэвчлэн зодоон, танхай, хулгай, залилан, дээрэм зэрэг гэмт хэргийг үйлдэх буюу хохирогч болж байгаагийн дийлэнх нь 16-18 насных байна.

Цагдаагийн байгууллага хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр олон ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа ч хангалттай нь үр дүнд хүрэхгүй, хүч дутаж байгаа байдал анзаарагддаг. Энд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа дутагдалтай байна.

Энэ тавдугаар сарын 1-нээс цагдаагийн газар улс даяар “Хүүхэд хамгаалагч” төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн зорилго нь гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотойгоор байнгын хяналтад оруулах юм. Энэ ажилд цэрэг, цагдаагийн ахмад ажилтнуудыг сайн дурын үндсэн дээр татан оролцуулах, сонгон шалгаруулалтыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд зохион байгуулна.

Үүний зэрэгцээ “ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөнийг сарын хугацаатайгаар улсын хэмжээнд эхлүүлж байгааг надад мөн илтгэсэн. Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, зөв ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгоход олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах зорилго агуулсан хөдөлгөөн зохион байгуулагдаж байгаа юм байна. Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага хамтран ажиллаж байгаагийн нэг илрэл нь“ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөн бөгөөд иргэн бүрийг дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна.

Гэр бүл, хүүхдийг гэмт хэргээс ангид байлгахад иргэн бүрийн оролцоо маш чухал. Учир нь цагдаа, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудаас хүүхдэд илүү ойр, илүү шуурхай, илүү дотно, илүү сэрэмжтэй байж чадах нь иргэд гэдгийг цохон тэмдэглэе. Иргэн бүр дэргэдээ байгаа, ойр орчимдоо байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг анзаарч эрсдэлээс сэргийлж чадвал гэр бүл, хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн гаралтыг эрс бууруулж чадна.

“Гэр бүлийн үнэ цэн” зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

Айл бүхэн амгалан жаргалантай, хүүхэд бүр аз жаргалтай байх болтугай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зөвлөгөөнийг нээж албан ёсоор үг хэлснийхээ дараа хүүхдийн эрхийг хамгаалах асуудал нь иргэн бүрийн оролцоо гэдгийг дахин цохон тэмдэглээд ялангуяа хэвлэл, мэдээллийн байгууллагууд энэ ажилд идэвх санаачилгатай оролцохыг уриаллаа.

Зөвлөгөөн эцэг, эхийн үүрэг хариуцлага, хүүхдийн хүмүүжил гэсэн үндсэн хоёр сэдвээр үргэлжилнэ.